Малайзад амиа алдсан монгол иргэний хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 17:57:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзад 13 жилийн өмнө амиа алдсан монгол иргэний хэргийг тус улсын шүүх энэ сарын 23-нд сэргээн хэлэлцэнэ.

Малайзын дэд сайд асан Разак Багиндагийн орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн биед "C-4" тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлсэн хэрэг 2006 онд гарч олныг цочирдуулсан юм. Малайзын шүүх энэхүү хэргийн буруутныг шийтгэж чадаагүй өдийг хүрсэн. Хохирогчийн аав С.Шаарийбуугийн гомдлоор Малайзын хуулийн байгууллага хэргийг дахин сэргээн, энэ сарын 22-31-нийг хүртэл эцэслэн шийдвэрлэхээр болжээ.



Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, "13 жилийн турш шийдэгдээгүй энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газар анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж, дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор ажиллаж байна. Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа, шүүх хуралдааныг анхааралтай ажиглах болно” гэлээ.

Мөн шүүх хуралдаанд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын итгэмжит төлөөлөгч П.Оюунчимэг оролцохоор тус улсад айлчлаад байгаа. Тэрээр  талийгаачийн гэр бүлийнхэнтэй хамт нэхэмжлэгч талаас оролцох бөгөөд өнөөдөр тус улсын хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. 



Мөн тэд маргааш Куала Лумпур хотноо эл ноцтой хүн амины хэргийн асуудлаар Малайзын хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.

Малайзын дэд сайд асан Разак Багиндагийн орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан хоёр этгээдэд цаазын ял оноохоор болсон ч шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй аж. Мөн эл хэргийн захиалагчид тодроогүй ч тус улсын төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой байж болзошгүй гэх хардлага олон нийтийн дунд байдаг юм.
Холбоотой мэдээ