Гурван гэмт хэрэг тутмын нэг нь хулгайн хэрэг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-18 17:59:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” онол, практикийн хурлын үеэр, гурван гэмт хэрэг тутмын нэг нь хулгайн хэрэг байгааг онцолж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах арга хэмжээний талаар саналаа нэгтгэж байна. 

Мөрдөн байцаах албаны хурлын танхимд 21 аймаг, есөн дүүргийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгч, алба хаагчид цуглан санал санаачлагаа нэгтгэн, цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулах аж. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 36 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 12 мянга 328 буюу 34 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлжээ.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, "Хулгайн гэмт хэрэг нь өдөрт дунджаар 24-25 удаа буюу цаг тутамд гардаг. Энэ төрлийн хэрэг 2005 оноос тасралтгүй 10 хувиар өсөөд байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирол барагдуулах чиглэлээр олон ажил хийж байгаа ч гэмт хэрэг буурахгүй байгаа учраас, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инноваци нэвтрүүлэхээр зорьж байна. Тиймээс эндээс гарсан шинэ санал, санаачлагаар зөвлөмж боловсруулж, шинэ онд хулгайн гэмт хэргийг бууруулах, саармагжуулах чиглэлд төлөвлөгөө гарган ажиллана. Гэмт хэрэг өссөн ч илрүүлэлт сайн байгаа. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид гэмт хэргийн 35 хувийг илрүүлж байна. Энэ нь олон улсын түвшинтэй харьцуулахад чамгүй өндөр үзүүлэлт юм" гэлээ.

Хулгайн гэмт хэргийн улмаас иргэд, ААН, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жил бүр нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг хэрэг болсон бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэсэн нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзлэх болсныг албаныхан хэлж байв.

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ