П.И.Чайковскийн алдарт зургадугаар симфонийг Улсын филармонид тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-18 13:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон маргааш 19 цагт концертынхоо танхимд Оросын суут хөгжмийн зохиолч П.И. Чайковскийн алдарт 6 дугаар симфоныг тоглоно. Тоглолтыг МУУГЗ Д.Нямдаш удирдаж, төгөлдөр хуурч М.Цогбадрах тайлбарлан хөтлөх юм байна.

Суут хөгжмийн зохиолчийн зургадугаар симфонийг манай улсад анх "Оргилуун" нэрээр МУУГЗ Н.Бүтэнбаяр удирдан тоглуулсан түүхтэй. Энэхүү симфонийг Чайковский амьдралаасаа сэдэвлэн бичсэн гэж урлаг судлаачид үздэг. Мөн холер өвчин туссан үедээ уг бүтээлээ зохиосон гэх нь ч бий.

Симфони 4 ангитай. Нэгдүгээр анги нь өөрийгөө эрэлхийлсэн эрэл, хүсэл мөрөөдөл, сайн сайхныг өгүүлсэн бол хоёр, гуравдугаар хэсэгт баяр баясгалан, аз жаргал, залуу насны эрч хүчийн тухай, харин төгсгөлийнхөө хэсэгт хүн нас барахынхаа өмнө юу боддог, амьдрахын утга учир, хүний тухай эргэцүүлсэн хэмээн хөгжим судлаачид тайлбарлажээ.


Холбоотой мэдээ