"Ил музей" байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-16 09:57:00

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу өчигдөр Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.


Хот байгуулах томоохон бүтээн байгуулалтын хүрээнд хамгийн түрүүнд эзэн Чингис хааны байгуулсан Хархорумын туурь дээрээс үндэсний хэмжээний цогц экспедиц Цогт их сүмийг сэргээх, хуучин хотын туурь дээр ил музей байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ.


Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, "Одоо хүмүүс хуучин Хархорум хотын туурийг Эрдэнэ зуу гэж ойлгож байна. Хархорум хотын гадна 900 метрийн урттай хэрэм байсан бөгөөд Хааны ордон нь Эрдэнэ зуу хийдийн доор байсан. Хархорум хотод Буддын, Исламын, Христосын зэрэг олон шашин зэрэгцэн оршиж байсан дэлхийн бараг анхны хот. Өөрөөр хэлбэл энх амгаланг тогтоож оршоосон дэлхийн 1500-гаад урчууд ур ухаанаа шалгадаг хот байсан. Хархорум хотоос гарсан шийдвэр нь Евроазийн уудам тал нутагт үйлчилж байсан хүчирхэг хот" гэдгийг тодотгов. Тэрбээр хуучин Хархорум хотын туурьт Монгол-Германы археологичид хамтран малтлага судалгаа хийсэн. Нийт Хархорум хотыг 100 хувь гэж үзвэл 10 хувьд нь ч малтлага судалгаа хийж чадаагүй байна. Тиймээс цаашдаа үндэсний хэмжээний экспедиц ажиллуулах маш том боломж байгаа. Үүнд суурилж "Ил музей" байгуулах хуучин Хархорум хотыг цогцоор нь сэргээж харуулах зорилготой" гэв.


Иймд хуучин хотын туурь дээр Ил музей байгуулах ажлыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд, эрдэмтдийн зөвлөл хамтран үндэсний шинжилгээний ангийг хэрэгжүүлэхээр болжээ.


Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.






 

Холбоотой мэдээ