Д.Трамп: Цагаачдын шинэ цуваа хилийн дагуу хана барих шаардлагатайг баталж байна

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-01-16 09:51:28

ВАШИНГТОН. /VOA/. Цагаачдын шинэ цуваа Гондурасаас хөдөлсөн нь АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих шаардлагатайг баталж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэв.


“Гондурас улсын олон зуун иргэн бүхий шинэ цуваа манай улсын өмнөд хилийг чиглэн ирж байна” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудсандаа нийтлээд, энэ тухай Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Сенатч Чак Шумер нарт дамжуулахыг иргэддээ уриалсан байна.


“Дрон нисгэх нь тэднийг зогсооход ямар ч нэмэр болохгүй. Зөвхөн хана л тэднийг зогсоож, улс орноо аюулгүй хэвээр хадгалахад тусална” гэж тэрбээр нэмж бичжээ.  


АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт түүхэнд хамгийн удаан буюу 25 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тус улсын төрийн тэргүүн хананы санхүүжилтийг эсэргүүцэж буй Н.Пелоси болон Ч.Шумер нарт хандан “Улс төрийн тоглоом тоглохоо зогсоож, түр зогсолтыг дуусгавар болго” гэж хэлсэн байна.


Д.Трамп хилийн дагуу хана барих 5 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгахыг шаардаж байгаа бол Ардчилсан намын төлөөлөгчид хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулан 1.3 тэрбум ам.доллар санал болгоод байгаа юм.


Хэсэгчилсэн түр зогсолтын улмаас 800 мянга гаруй ажилтан чөлөө авах юм уу цалингүй ажиллахад хүрч, Засгийн газрын зарим салбар агентлагууд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Үүнд нисэх буудлын аюулгүй байдлын хяналтын газар зэрэг байгууллага багтаж байгаагийн зэрэгцээ музейнүүд болон цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалгаа барьсан байна.

Холбоотой мэдээ