Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд шинэ хуудас нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-12 16:47:54

Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ноос өнөөдөр “Блу скай” цамхагийн 3 давхарт Монголын хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох Олон улсын хурал зохион байгуулав.

Манай улсад анх удаагаа зохион байгуулж буй тус симпозиумд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/, Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/, Германы хөлбөмбөгийн холбоо /DFB/, Японы хөлбөмбөгийн холбоо /JFA/-ны хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь Монголын хөлбөмбөгийн хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудсыг нээж байна.

Хүн төрөлхтөний “Их спорт” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, сая сая хүнийг өөртөө татаж чадсан хөлбөмбөгийн спортын өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг тэргүүлэгч олон улсын байгууллага, улс орны мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо ирж МХБХ /MFF/-ны төлөөлөгчид, клубүүдийн багш дасгалжуулагч, мэргэжилтнүүдэд үнэтэй зөвлөгөө өгч байгаа гэдгээрээ тус симпозиум чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг олон улсын стандарт, жишгийн дагуу хөгжүүлэхэд нэн тэргүүнд хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж, улмаар багш, дасгалжуулагчдаа дотооддоо болон гадаад улс оронд системтэйгээр мэргэшүүлэх нь хамгийн эхний шат гэдгийг энд ирсэн мэргэжилтнүүд онцолж байв.

Урт хугацааны шат дараалсан багш, дасгалжуулагчдын сургалт, дадлагын үр дүнд хөлбөмбөгийн үндэс суурь нь бий болж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. Өнөөдөр 11-12 настай өсвөрийн хүүхдүүдийг тодорхой систем, дараалалтай бэлтгэж байж хөлбөмбөгчин болгох нь багшийн ур чадвараас шууд хамааралтай. Иймд МХБХ-ноос тодорхой зорилтууд дэвшүүлж, багш дасгалжуулагчийг бэлтгэх ажилд онцгой анхаарч ажиллаад нэгэнт эхэлжээ.

МХБХ-ны ерөнхийлөгч, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн А.Ганбаатар “Хөлбөмбөгийн хөгжлийн пирамидын суурь нь “Грассрүүтс” буюу 12 хүртлэх насны хүүхдүүдийн хөлбөмбөг. Үүнээс дээш өсвөрийн хөлбөмбөг, академи, хагас мэргэжлийн хөлбөмбөг, мэргэжлийн хөлбөмбөг гэж явсаар пирамидын оройд үндэсний шигшээ баг байдаг. Монголын хөлбөмбөгийг энэ алтан дүрмийн дагуу хөгжүүлж, ийм л шинэ шатанд гаргахыг бид зорьж байгаа” хэмээн онцолж байв.

Д.Өлзий   

Холбоотой мэдээ