Өнгөрсөн онд 683 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-01-09 13:02:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар нь  2018 онд ажил идэвхтэй хайж буй 864 иргэнийг бүртгэж, шинээр 1036 ажлын байр бүртгэн нийт 683 иргэнийг сул чөлөөтэй ажлын байранд зуучилжээ. 

Тус газар “Хүлээж биш-Хүрч үйлчилье” уриан дор нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хөдөлмөр халамжийн үйлчилгээний төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хүргэх, халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээр дээрх үр дүнд хүрчээ.

Түүнчлэн иргэдийг мэргэжил олгох сургалт болон төсөл хөтөлбөрүүдэд хамруулах замаар нийт 840,0 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулан ажлын байрыг нэмэгдүүлсэн байна. 

Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд тус аймгийн 57,3 мянган иргэн хамрагдаж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөс 7300,0 мянган төгрөгийг зарцуулжээ. 

Тус газрын хамт олон зорилтот бүлгийн иргэдийг бүлэг болгон зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр амьдралын нөхцөл байдлыг сайжруулж олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээг шаардлагатай өрх, иргэнд цаг хугацаанд нь хүргэж ажиллалаа хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ