Цасгүй байгаагаас мал усны тууварт турж эцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-08 13:20:00


   Увс /МОНЦАМЭ/. Ховд сум 2018 он жил эцсийн мал тооллогоор нийтдээ 161,6 мянган толгой мал тооллуулжээ. Сумын өвс тэжээлийн нөөцөд 40 тн байгалийн хадлан, аймаг дундын отрын бүсийн агуулахад 700 боодол өвс татан нөөцөлсөн байна.

Малчид, мал бүхий иргэд сумын дүнгээр 1520 тн байгалийн хадлан, 60 тн гар тэжээл, 650 тн хужир шүү бэлтгэж татан авч бүрэн нөөцөлсөн аж. Малчид болон мал бүхий иргэд өвөлжилтийн бэлтгэлийг 85,7 хувиар, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг 90 хувь хангасан дүнтэй байна. Тус сумын нутагт 165 мянган толгой мал өвөлжих судалгаа гарснаас отрын бүс нутагт 30 малчин өрхийн 17 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 6 өрхийн 7500 толгой мал, Бөхмөрөн сумын нутагт 2 багийн 13 малчин өрхийн 2000 бод мал отроор өвөлжиж байгаа аж.

Малчдын гол өвөлжөөний бүс нутагт малын ундны цас ороогүйн улмаас мал усны тууварт явж бага насны мал турж эцэн нэмэлт тэжээлд орох байдал гарч эхэлсэн. Малчид одоогоор  хорголжин тэжээл, хивэг, өвсний захиалга ихээр өгч байна” хэмээн Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Түмэндэмбэрэл хэллээ.

Холбоотой мэдээ