Улаанбаатар хотоос 45 хүүхэд үнэгүй тээвэрлэж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-08 12:13:16


   Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг болон  Улаанбаатар хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн зүгээс “Цэвэр агаар-эрүүл мэнд” аян хэрэгжүүлж, энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг Увс аймгийн гаралтай 45 хүүхдийг аав, ээж, асран хамгаалагчдынх нь хамтаар үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн байна.

Тэднийг тээвэрлэсэн автобус өнгөрсөн баасан гарагт Улаангом хотын автовакзол дээр ирэхэд тус компанийн хамт олон болон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан угтан авч, хүүхдүүдэд гарын бэлэг өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хотын утаанаас ийнхүү хүүхэд багачуудыг холдуулсан байна.

Энэ талаар “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн захирал Б.Сэнгэсамбуугаас тодруулахад: Би он гарахаас өмнөхөн Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Тэгэхдээ Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ээжийндээ очиж хэд хонохдоо хотын утааны хор уршгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Хэдхэн л хоноход хамар битүүрч, хоолой хорсож зугтах нь холгүй нутагтаа ирсэн. Энэ үеэр насанд хүрсэн би ингэж байгаа юм чинь бяцхан үрс маань яах болоо гэж бодсон. Ингээд гэр бүл, хамт олонтойгоо зөвшилцөж “Цэвэр агаар-эрүүл мэнд” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгэхдээ хамгийн их бохирдолтой цэг болох Сонгинохайрхан дүүргийн 3, 5, 11, 28-р хорооны хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь хамт хот хооронд үнэгүй тээвэрлэхээр болсон. Эдгээр хүүхдүүдийг эсэн мэнд тээвэрлэн ирж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Хичээл ном нь эхлэхээс өмнө эднийг буцаад Улаанбаатар хот руу үнэгүй тээвэрлэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ