Цэргийн бүртгэл ирэх баасан гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-31 12:56:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын энэ оны А/1107 дугаар захирамжийн дагуу ирэх оны 1 дүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулна.

Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл офицер, 18-50 хүртэлх насны цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий 50 хүртэлх насны эмэгтэйчүүд хамрах аж.

Цэргийн албаны тухай хуульд:
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Түүнчлэн цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д зааснаар чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрахгүй гэж заасан байдаг аж. Тиймээс цэргийн бүртгэлд хамрах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.

Холбоотой мэдээ