Төвбанк алт худалдан авах үнийг дахин нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-20 15:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк алт худалдан авах үнээ энэ сарын 20-ны өдрөөс дахин нэмж нэг грамм алтыг 106 мянган төгрөгөөр авч байна.

Дахин гэдэг нь үүний өмнө буюу 9 дүгээр сарын эхэн үед нэг грамм алтыг 95.446 төгрөгөөр худалдан авч байсныг 10 дугаар сарын 25-наас нэмж 101.061 төгрөг болгоод байсан юм. Ийнхүү алтны үнийг нэмсэн нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн онцолж байна.


Өнөөдрийн байдлаар Монголбанк дахь манай улсын гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллартай тэнцэж байна. УУХҮЯ-ны мэдээгээр алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521.6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697.9 кг нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23.2 тонноор нэмэгдүүлээд байна. 




Монголбанк нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хариуцлагатайгаар олдворлосон алтыг эх орондоо тушаахыг уриалж олон ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд алтны гарал үүслийг тодорхой болгох, гар аргаар олт олборлож байгаа хүмүүст хүрч ажиллах зэргээр олон ажил зохион байгуулсан. Үүний нэг хэлбэр нь, энэ жил Баянхонгор аймаг болон Дархан-Уул аймагт сорьцын лаборатори байгуулсан явдал юм. Монголбанк нь эдгээр лабораториас 160 орчим кг алт худалдан авчээ. Ингэснээр Монголбанк энэ онд 21 тонн алт худалдан аваад байгаа юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр
 

Холбоотой мэдээ