Салхин цэцэг өвчинтэй тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 22:01:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын байдлаар салхин цэцэг өвчний 133 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2017 оны мөн үеэс 247 тохиолдол буюу 65 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Салхин цэцгийн өвчлөлийн 47.4 хувийг 0-4 нас, 21.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог цочмог халдварт өвчин бөгөөд манай улсад ихсэх хандлагатай халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байгаа аж. Салхин цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч, нүүр, биеэр жижиг улаан толбо гаран туурч эхэлдэг байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас салхин цэцэг өвчинтэй тэмцэх, сэргийлэх шуурхай ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах зааврыг сум, өрхийн Эрүүл мэндийн төвд хүргүүлээд байна.

Холбоотой мэдээ