Тусгай бүлгийн сурагч хүү дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч Т.Балданхайням Монгол Улсаа төлөөлөн Тусгай олимпийн дэлхийн наадамд Жүдо спортын төрлөөр оролцох эрх авчээ.
Т.Балданхайням нь 2015 оноос эхлэн Тусгай олимпийн спортын уралдаан, тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд Хонг-Конгд болсон Зүүн Азийн тусгай олимпод оролцон хөнгөн атлетикийн төрлөөр тэргүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Энэхүү амжилт нь бүтэн өнчин хүүд маш их урам зориг өгч, үзэл бодол, амьдралыг нь эрс өөрчилсөн байна. Сургуулийнхаа тэргүүний сурагчаар шалгарсан хүү одоогоор хөнгөн атлетик, сагсан бөмбөг, жүудо, бочигийн спортоор хичээллэж байна.
Тусгай олимпийн Дэлхийн зуны Наадам 2019 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах ба 170 улсын 7000 тамирчин спортын 36 төрлөөр өрсөлдөх юм. Энэхүү наадамд МТОХ-ноос спортын 7 төрлөөр нийт 21 оюуны бэрхшээлтэй тамирчин, 8 дэмжин тоглогч, 9 дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй оролцох аж.