Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд сургалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 15:44:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнтэй уялдуулан бодлогын санал боловсруулах зорилгоор аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зөвлөлгөөн” зохион байгууллаа.

Зөвлөлгөөнөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авсан юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш, сэргээн засах, хөдөлгөөн засалч эмч мэргэжилтнүүдтэй болох, Боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтанг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чадвартай болгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс 100 хувь төлж байх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох зэрэг асуудлуудыг төрийн байгууллагууд, ялангуяа боловсролын байгууллага анхаарч ажиллах шаардлагатай байна” гэсэн саналуудыг зөвлөлгөөнд оролцогч эцэг, эхчүүдийн зүгээс хэлж байв.

Зөвлөлгөөнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал Д.Сэлэнгэ оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сэтгэлзүй болон арга зүйн чадавхжуулах сургалт зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ