Аймгийн Засаг дарга дэлхийн аварга хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 08:13:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Цээж тоолол - Соробан сампин”-ы Олон Улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон дэлхийн аварга, алт, мөнгөн цомын эзэд болсон бяцхан хүүхдүүдийг аймгийн засаг дарга Г.Ганболд энэ сарын 17-нд хүлээн авч уулзлаа.

Энэ сарын 9, 10-нд Малайз улсын Куала Лумпур хотод болсон Олон улсын 23 дахь удаагийн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс манай аймгийн хүүхдүүд 5 медалийг авчирсан юм. Жил гаруйхан хугацаанд соробан сампингаар хичээллэсэн зургаан настай Э.Наранбат, Ж.Тэмүүн нар “Дэлхийн аварга” болж, А.Үнэнзаяа, Э.Энэрэл нар хамгийн өндөр түвшинд буюу 7 дугаар түвшинд өрсөлдөн алтан, мөнгөн цомын эзэд, Б.Эмүжин 3 дугаар түвшинд оюунаа уралдуулан алтан цомын эзнээр тус тус шалгарчээ.

Аймгийн Засаг дарга тэдэнд хандан “Амжилт бүхний ард сайн дэмжигч, сайн туслагчийн оролцоо маш их байдаг. Хүүхдүүдээ шилдгийн шилдэг болтол сургаж, зөв арга зүйгээр хангасан багш, эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлье. Аймаг орон нутгийн зүгээс оюуны спортын шилдгүүдээ байнга дэмжин ажиллаж байх болно” гэв.

Холбоотой мэдээ