Н.Дорж: Хог хаягдлын зөрчлийг Байгаль орчны байцаагчид хариуцах эрх олгоё

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-13 16:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчинтой холбоотой зөрчил сүүлийн жилүүдэд 10-15 хувь буурсан нь иргэд байгаль орчноо хамгаалах талаар ойлгоц, сэтгэл зүрхтэй болж ухамсар дээшилж байгааг өнөөдөр болсон “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтад оролцогсод онцолж байв.  

Байгаль орчинтой холбоотойгоор шууд болон шууд бус зөрчил багассан нь нөгөө талаар иргэдэд энэ талаар сурталчилж, тэднийг зөв амьдрах ухаанд сургаж оролцоог хангасны нэг үр дүн юм гэж байв. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Н.Доржтой уулзлаа.

-Би нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32-р хорооны 27 мянган га нутаг дэвсгэрийн хяналт шалгалт, шалган нэвтрүүлэх товчоог хариуцан ажилладаг. Энд 453 мянга нь ойн сан бүхий нутаг дэвсгэр мөн хамрагддаг. Хариуцсан нутаг дэвсгэртээ түгээмэл тархацтай ашигт малтмал, хар шороо, хог хаягдал, ан амьтан зэрэг байгаль орчинтой холбоотой бүх л ажлыг хариуцан хяналт шалгалтын ажлыг урьдчилан зохион байгуулж, байгаль орчны зүгээс гарах хууль бус үйлдэл дээр арга хэмжээ авч ажилладаг.

-Байгаль орчинтой холбоотойгоор ямар зөрчил түлхүү гарч байна вэ?

-Түгээмэл зөрчил гэвэл хавар, намрын хуурайшилтын үед иргэд ил задгай гал түлж, амралт зугаалгын үеэр хог хаягдлаа ойд их хаяж байна. Шашин шүтлэгтэй холбоотойгоор бөө мөргөлүүд мөн ууланд ил задгай гал түлж зан мөргөлөө хийж байна. Энэ дээр бид Зөрчлийн хуулиар арга хэмжээ ажилладаг. Энэ намар гэхэд 3-4 хүнд хориглосон үйл ажиллагаагаар нь торгууль хүлээлгээд байна.

-Хог хаягдлын хуулиар байцаагч шууд торгож хариуцлага хүлээлгэдэг байтал Зөрчлийн хуулиар заавал цагдаа байлцуулж эд мөрийн баримт бүрдүүлэх болсноор энэ 2 хуулийн хооронд зөрчил гарах болсон гэсэн. Энэ талаар яаж ажиллаж байна?

-Хог хаягдал дээр Зөрчлийн тухай хуулиар Эрүүл ахуйн байцаагч торгож хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Хаа байгаа Эмээлт, 22-ын товчооны жалганд байгаа хог хаягдлыг хотод суугаа Эрүүл ахуйн байцаагч тэр бүр очиж торгож чадахгүй. Тиймээс тухайн нутаг дэвсгэрийг хариуцан халуун цэг дээр нь ажиллаж буй Байгаль орчны хяналтын байцаагчид болон байгаль хамгаалагчдад эрхийг олгомоор байна. Бид хог хаяж буй иргэнийг баримтжуулан прокуророос дугаар аваад газар дээр нь хариуцлага хүлээлгэх боломжтой, энэ тал дээр бэлтгэгдсэн хүмүүс. Үүнийг Зөрчлийн тухай хуульд шинээр санаачлан нэмж оруулмаар байна.


Өнөөдөр байгаль орчны Улсын байцаагч нар урт нэртэй хууль, ус бохирдуулсны хууль, ургамын гээд цөөхөн хуулийг хариуцан ажиллаж байгаа учир үүн дээр хог хаягдлын хуулийг хариуцуулаад байгаль орчинтой холбоотой бүх зүйлийг хариуцуулаад өгчихмөөр байна



Хаа байгаа Эмээлт, 22-ын товчооны жалганд байгаа хог хаягдлыг хотод суугаа Эрүүл ахуйн байцаагч тэр бүр очиж торгож чадахгүй. 

Шөнө оройгүй, 24 цаг хариуцсан газар нутаг, нутаг дэвсгэрээрээ явдаг бид хог хаягдал дээр эхнээс нь арга хэмжээ аваад явмаар байна, ийм боломж бидэнд бий гэв.

Нийслэлийн Байгаль орчны газраас тус газар байгуулагдсны 30 жилийн ойд зориулан иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулж буй “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтад үе үеийн албан хаагч, улсын байцаагч, байгаль хамгаалагчид оролцож ойгоо тэмдэглэж байна. Энэ үеэр НИТХ болон нийслэлийн захиргаанаас тэргүүний байгаль хамгаалагч, Улсын байцаагч, Байгаль орчны чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж буй хүмүүсийг шагнаж урамшууллаа.

 Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ