Израильчуудад халдсан палестинчуудыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-13 14:42:29
ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Иордан голын Баруун эрэгт еврейчүүд рүү халдсан палестинчуудыг олж илрүүлж, устгалаа гэж Израилийн хүчнийхэн мэдэгджээ.

Израилийн хоёр иргэнийг Баркан аж үйлдвэрийн бүсэд буудсаных нь дараа 10 дугаар сарын эхнээс эрэн сурвалжилж байсан эрэгтэйг устгасан тухай хилийн цагдаа нар мэдээлсэн байна.

Үүнээс гадна, 12 дугаар сарын 9-нд еврейчүүдийн Офра сууринд долоон хүнийг автомашинаас гал нээж шархадуулсан босогчдыг эрэн сурвалжлах ажиллагаа амжилттай дууссан тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ. Гэхдээ чухам хэдэн босогч байсан тухай тодорхой дурдаагүй байна. Энэ халдлагад өртсөн жирэмсэн эмэгтэй лхагва гарагт хугацаанаасаа өмнө төрсөн учраас хүүхэд нь энджээ.

“Өчигдөр орой, өнгөрсөн шөнө бид Баркан аж үйлдвэрийн бүсэд болон Офра сууринд гал нээсэн террористуудыг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулсны эцэст үр дүнгээ өглөө” гэж цэргийнхний хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна. Офра сууринд израильчууд руу халдсан хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдүүдийн нэг баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн учир амиа алдсан гэж Израилийн Засгийн газрын тэргүүний албан ёсны төлөөлөгч Офир Гендельман Twitter дэх хуудсандаа мэдээлжээ.

Иордан голын Баруун эрэгт явуулсан ажиллагаанд Израилийн Нийтийн аюулгүй байдлын албаны /ШАБАК/ ажилтнууд болон хилийн цагдаагийн терроризмтой тэмцэх анги нэгтгэлийн цэргүүд оролцсон байна.
Холбоотой мэдээ