"Эрүүл нийгмийг эмэгтэйчүүд үлгэрлэнэ" сэдэвт өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:19:07

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн ТББ-уудын сүлжээ, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр “Эрүүл нийгмийг эмэгтэйчүүд үлгэрлэнэ” өдөрлөг зохиолоо.

Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон энэ өдөрлөгийн үеэр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, “Олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн- Бид хаана явна вэ?” сэдвээр  илтгэл тавьж, бэрхшээл ба боломж, бид юу хийж чадах вэ чиглэлээр хэлэлцүүлэг явуулав.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3, Хэрлэн сумын Иргэдийн хуралд 9 эмэгтэй байдаг нь шийдвэр гаргах хэмжээнд хүрэхгүй ч намчирхалгүй нэгдэж чадвал ямар ч асуудлын ард гарч чаддагийг, тухайлбал хэдхэн хоногийн өмнө хуралдсан хурлаар төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулахаар төлөвлөж орж ирсэн асуудлыг олонхоороо эсэргүүцэж, буцаасан тухай  Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ баримтанд тулгуурлан ярьж байсан.

Ийнхүү Мартын 8-ны баяр нэрийн дор бүх нийтээрээ архиддаг байдлыг таслан зогсоож, энэ өдрийг Эмэгтэйчүүдээ сонсдог өдөр болгох зорилтыг өдөрлөгт оролцогсод дэмжиж өөрсдөөсөө энэ ажлыг эхэллээ.  

Б.Туяа

Холбоотой мэдээ