Яруу найрагчид Дорнын говьд тэмээ хөлөглөж, жин тээж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-06 15:59:44

Дорноговь /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал Дорноговийн Хамарын хийдээс Улаанбадрах сум руу өнөөдөр хөдөллөө.


“Арлааны Эрдэнэ-Очир сан” түүний хүү Э.Цагаан-Уулын санаачилгаар  гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд Монголын шинэ цагийн яруу найрагчид нэгджээ. Тухайлбал, Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, н.Гантулга, Б.Жамбалдорж зэрэг арваад залуу яруу найрагч дорнын уудам талд тэмээ хөлөглөж,  оюуны охь дээж болсон номоо тэмээн хөсөгт ачжээ.


Идэр эрчүүд  хоёр хоног явж  Улаанбадрахад хүрээд сумын номын санд номоо хүлээлгэн өгөх бөгөөд жингийн явцад  "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага уншиж, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнд оролцоно.  Идэр ес дөхөж байгаа энэ өдрүүдэд Дорнын уудам говьд өдөртөө хасах 15-20 хэмийн хүйтэн, шөнөдөө 30 орчим хүйтэн жвартай байна. Найргийн жинчид  хурган дээл, давхар хүрэм, монгол гутал, үнэгэн лоовууз зэрэг нүүдэлчдийн өмсөд зүүдэг бүхнийг хэрэглэжээ. 

Удалгүй тэдэнтэй Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, яруу найрагч Ц.Буянзаяа, Дарь,Сүхбаатар тэргүүтэй яруу найрагчид хотоос ирж нэгдэнэ.



Холбоотой мэдээ