Anadolu Ajansı: Азовын хямралыг зохицуулахад Турк улс зуучлах боломжтой

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-11-29 13:45:33

Ах дүү хоёр улсын хооронд үүссэн хурцадмал харилцаа бүхий л салбарт илэрсээр байна. “Москва бол гуравдахь Ром” гэсэн үзэл сурталд Киев цохилт өгч, Керчийн хоолойд мөргөлдөөн дэгдлээ. Азовын тэнгист үүссэн хямралыг Украины ашиг сонирхолд харшилж буй “Туркийн урсгал” төсөлтэй холбон тайлбарлаж болно. Үүний сацуу АНУ-ын дарамт шахалтанд орсон Европын Холбооны /ЕХ/орнууд “өөдгүй муу Орос улс”-тай харилцахыг хүсэхгүй байгаа тухай Оросыг судалдаг Туркийн шинжээч Ильяс Кемалоглу мэдээллийн “Анадолу агентлагийн цахим хуудсанд тойм дүгнэлт бичсэнийг орчуулан хүргэе.    


Евразийн орон зайд 2018 оны хоёрдугаар хагаст болж буй хамгийн дуулиант үйл явдлуудын нэг бол Орос, Украины харилцаа хурцадсан явдал юм. “Ах дүү” хоёр орны хооронд дэгдсэн хямрал бүхий л салбарыг хамарлаа. Киевийн эрх баригчид Константинополийн их хамбын захиргааны тусламжтайгаар Украины сүм хийдийн бие даасан байдалтай болгох гэж оролдож байгаа нь “Гуравдугаар Ром”-ын талаарх Москвагийн мөрөөдөлд цохилт боллоо. Оросын эрх баригчид Украины нутгаар дамждаг “Баруун маршрут”-ын хийн хоолойг орлох “Туркийн урсгал” төслийг хэрэгжүүлснээрээ хийн салбар дахь Украины нөлөөг хязгаарлахыг оролдож байна.


Эл тэмцэл өнөөдөр эхэлчихээгүй нь ойлгомжтой. Барууны дэмжлэгтэйгээр өрнөсөн өнгөт хувьсгалын дүнд Оросын талыг баримтлагч Виктор Януковичийг засгийн эрхнээс буулгасан, дараа нь Орос улс Крымыг өөртөө нэгтгэснээр хоёр орны харилцаа эрс хурцадсан билээ. Эдгээр үйл явдал нь хоёр орны харилцаанд нөлөөлөөд зогсохгүй В.Путин Ерөнхийлөгчөөр гуравдахь удаагаа сонгогдсон үед дэгдсэн шинэ “хүйтэн дайн”-ны хүйтний эрчийг улам чангаруулсан юм. Украин улс энэхүү хүйтэн дайны нэгэн талбар байсаар ирсэн. ЗХУ задран унасны дараа Украин нь Орос ба Барууныхны хоорондын сөргөлдөөний гол талбар болов. Путиний үед дахин хүчээ авч эхэлсэн Оросын хувьд Украин чухал байлаа. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх БНУ-уудыг /Балтийн улсуудаас бусад/ өөрийн нөлөөний хүрээ хэмээн Москва өнөөг хүртэл үзсээр байна. Кремлийн эрх баригчид Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэргийг ашиглан Зөвлөлтийн дараах үеийн орон зайд өөрийн нөлөөг хадгалж, бүс нутагт байр сууриа бэхжүүлэх боломжийг АНУ-д олгохгүй байхыг оролдсоор ирсэн. Энэ талаас нь харвал, Украин ч гэсэн үүнд хамаатай. Нэг үндэс угсаатай, нэг шашинтай, түүнчлэн тус улсад оросууд олноороо амьдардгаас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас хамгийн том, хүчирхэг нь гэдгийг тооцож үзвээс, Оросын хувьд Украин улс маш чухал юм. Нөгөө талаас, Барууны орнууд Украиныг өөрийн талд татахыг хүсч байгаа хэдий ч үүнд шаардлагатай санхүүгийн тусламжийг үзүүлэхгүй байгаа. Эдгээр бүх шалтгаанаас үүдэн 2014 онд Украины өнгөт хувьсгал болж, засаг солигдсон явдал нь Москва-Киевийн төдийгүй Москва-Вашингтоны харилцааг муутгасан юм. Харин Азовын тэнгист үүссэн асуудал бол энэхүү том зураглалын нэг л жижиг хэсэг билээ. 


Крымыг Орост нэгтгэсэн нь тэнцвэрийг алдагдуулсан


Оросын тэнгисийн цэргийн хүчин Украины гурван хөлөг онгоцыг саатуулж, Керчийн хоолойгоор нэвтрэх боломжийг олгоогүйгээс үүдэн энэ удаагийн хямрал дэгдсэн. Оросын талын хийж буй тайлбарыг Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Өдөөн хатгах үйл ажиллагаа явуулсан хэмээн талууд бие биенийгээ буруутгасаар.


Бодит байдал дээр, ЗХУ задран унасны дараа Орос, Украин хоёр удаан хугацаанд хэлэлцээ хийсний дүнд Азовын тэнгис ба Керчийн хоолойн асуудлуудыг шийдчихсэн билээ. Гэтэл Орос улс Крымыг өөртөө нэгтгэсэн нь тогтсон тэнцвэртэй байдлыг бусниулав. Хоёр улс хоёулаа Крымыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг учраас тус бүс нутаг дахь тэнгисийн хил хязгаарын талаарх тэдний ойлголтууд өөр өөр байдаг. Иймээс талууд өөрсдийгөө зөв зүйл хийсэн хэмээн баталдаг.  


Хэдийгээр Крымыг дөрвөн жилийн өмнө нэгтгэсэн боловч дээрх асуудал дөнгөж сая үүссэн нь анхаарал татаж байна. Үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэлэхэд, Азовын хямрал нь Оросын эрх ашигт нийцэхгүй, харин Украинд ашигтай юм. Юуны өмнө хэлэхэд, 2019 оны 3 дугаар сарын 31-нд Украинд ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко дахин сонгогдохгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болжээ. Тэрбээр уг үйл явдлыг ашиглан нэр хүндээ дээшлүүлэхийг оролдож байна. Дайны байдал зарласнаар сонгуулийн товыг хойшлуулж магадгүй гэсэн яриа хүртэл гарчээ. Ийм учраас Украины дотоод бодлогын үүднээс харвал, Азовын хямрал нь Порошенкогийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. 


Нөгөөтэйгүүр, Украин улс НАТО-д элсэх үйл явцыг хурдасгах гэдэг талаас нь харвал, Хар тэнгист дэгдсэн хямрал нь үүнд чухал нөлөөтэй. Украиныг Оросоос салгах гэж барууныхан бараг 30 жил оролдож байгаа боловч Украиныг НАТО-д ч тэр, Европын Холбоонд ч тэр аль алинд нь элсүүлэхгүй байгаа билээ. Үүний сацуу Украин-НАТО-гийн хэлэлцээ үргэлжилсээр байна. Энэ удаагийн хямрал нь “Украин улсын аюулгүй байдал хангагдахгүй байна, иймээс аль болох ойрын хугацаанд НАТО-д элсэх нь зүйтэй” гэдгийг тайлбарлан таниулахад тун тохиромжтой үйл явдал болж байгаа юм.


Харин эл хямрал нь Орост сөргөөр нөлөөлнө. Сүүлийн хэдэн жилийн турш тус улс Сирийн иргэний дайнд идэвхтэй оролцож, үүнд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Ийм учраас “Сирийн фронт”-ын зэрэгцээ шинээр фронт нээх нь улс төрийн талаас ч, эдийн засгийн талаас үүднээс ч тэр логикийн хувьд утга авцалдаагүй хэрэг юм. Түүнээс гадна, энэ удаагийн хямрал нь саяхнаас хэвийн болж эхэлж буй Орос-Европын Холбооны харилцаа дахиад муудахад хүргэнэ. Крымыг нэгтгэсний дараа АНУ, ЕХ хоёр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан бол 2018 онд Европын компаниудын шахалтаар Орос-ЕХ-ны хоорондын харилцаанд үүссэн хурцадмал байдал зөөлөрч эхэлсэн юм. Эдийн засгийн хувьд хүнд үеийг даван туулж буй Оросын хувьд Украинтай сөргөлдөөн үүсгэх нь ашиггүй. Нөгөө талаас нь харвал, Орос улс ЕХ-той харилцаагаа сайжруулах нь Украинд ашиггүй. Үүнээс үүдэн дүгнэлт хийвэл, Азовын хямрал нь Украинд ашигтай болж таарч байна. Уг сөргөлдөөн нь Аргентин улсад 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөж байсан Трамп, Путин нарын уулзалтын өмнөхөн болсон нь анхаарал татлаа. Ганц хоёр өдрийн дотор эл хямрал дуусахгүй тохиолдолд дээрх уулзалт болохгүй байх магадлал өндөр.  


Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой


Азовын хямралыг олон талаас нь харж дүгнэвээс, энэ нь “Туркийн урсгал” төсөлтэй холбоотой байж болох юм. Юуны түрүүнд, Украины тал “Туркийн урсгал” төслийн хариуд сөргөлдөөнийг өдөөн турхирсан гэж Оросын зарим шинжээчид үзэж байна. Уг төсөл нь Украины ашиг сонирхолд харшилж байгаа. Үүний сацуу, хямрал даамжрах нь “Туркийн урсгал” хийн хоолойн хоёрдахь шугамыг ашиглалтанд оруулах болон Оросын өөр нэг төсөл болох “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулна. Учир нь, АНУ-ын дарамт шахалтанд орсон ЕХ-ны улсууд “өөдгүй муу Орос улс”-тай харилцахыг хүсэхгүй. Энэ талаас нь харвал, Азовын хямрал нь Оросын эрх ашигт нийцэхгүй. 

Орос болон Украин, түүнчлэн бүс нутгийн бусад улсын хувьд хямралыг нэн даруй зогсоох нь чухал. Зэвсэгт мөргөлдөөн нь бүс нутгийн аль ч оронд ашиггүй билээ. Хүнд хэцүү үеийг даван туулж буй Украин улс хоёрдахь Сири болох ёсгүй. Энэ бүхэнтэй холбоотойгоор Турк улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд учир нь, өнөө үед Орос, Украин хоёрын аль алинтай нь найрамдалт харилцаатай байгаа цөөн улсуудын нэг нь Турк юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улс энэхүү тэнцвэртэй байдлыг хадгалж, хоёр улсын итгэлийг хүлээсээр ирсэн. Энэ удаагийн хямралд Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх аваас нэг талаас, энэ нь Анкарагийн нэр хүндийг өргөж, нөгөө талаас, Туркийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх уг хямрал цаашид даамжрах явдлыг зогсоож чадна.


Ильяс Кемалоглу

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20181129/244117115.html  

https://www.aa.com.tr/tr/analiz-haber/karadenizde-slav-kardeslerin-kavgasi/1322750

 

 

 

 

Холбоотой мэдээ