Багийг шинэчлэн зохион байгуулж, хуваах саналыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-29 12:39:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 28-нд болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар Сайншанд сумын гуравдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан "Багийг шинэчлэн зохион байгуулах, хуваах" саналыг   хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэв.

Хоёрхон хоногийн өмнө болсон гуравдугаар багийн ИНХ-аар  тус багийг хуваах санал гаргасан аж. Учир нь гуравдугаар багийн суурьшил ихсэж  хүн ам зургаан мянга дөхсөнөөр Сайншанд сумын  хамгийн их хүн амтай  баг болжээ.

Тиймээс  Засаг захиргааны анхан шатны нэгжээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс  багийг хувааж  дахин зохион байгуулалтад оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ