“Сургууль орчмын бүс” байгуулахаар судалгаа хийж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-06 01:01:47

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2016 онд "Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх"-ийг хангах хүрээнд аймгийн ЕБС-иудад “Сургууль орчмын бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх боломжийг судлаж байна. 

Уг төслийг эхний ээлжинд Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль болон “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А байранд хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүллээ. Тухайлбал Улаанбаатар хотод “Сургууль орчмын бүс байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг судлах зорилгоор аймгийн ГХУСАЗЗ-өөс ажлын хэсэг томилж нийслэлийн 50 дугаар сургууль болон “Сэтгэмж” сургуулиудад ажилласан байна. Нийслэл хот нь ерөнхий боловсролын 206 сургуультай бөгөөд үүний 70 орчим хувь нь “Эрсдэлтэй бүс” буюу авто машины төв замтай зэргэлдээ оршдог. Энэ нь хүүхдүүд хичээлдээ ирж, буцах замдаа авто машины осолд өртөх өндөр эрсдлийг бий болгодог. Тухайлбал Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг 50 дугаар сургуулийн баруун талын зорчих хэсэгт гарсан зам тээврийн  осол хэргийн судалгааг сүүлийн гурван жил болон 2015 оны эхний хагас жилийн байдлаар гаргахад 2012 онд зургаан осол гарч зургаан хүн гэмтсэн, 2013 онд найман осол гарч найман хүн гэмтсэн мэдээ гарчээ. Харин “Сургууль орчмын бүс” байгуулснаар 2014, 2015 онд зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

“Сургууль орчмын бүс” төслийн хүрээнд стандартын дагуу тэмдэг, тэмдэглэл, хурд сааруулагч байрлуулж зорчих хэсэгтэй ойр байрласан сургуулийн баруун талын төмөр хашааг нэг метр 50 см дотогш татуулж 100 метр явган хүний зам хийжээ. Мөн замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зургаан ширхэг замын тэмдэг, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг тусгаарлах 400 метр хайс шинээр хийж байрлуулсан зэрэгтэй танилцжээ. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн ажлын хэсэг ийнхүү Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжсэн “Сургууль орчмын бүс” төслийг энэ онд багтаан орон нутагтаа хэрэгжүүлэхээр судлаж эхлэсэн нь энэ юм.

                                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ