Юанийг олон улсын нөөц валютаар албан ёсоор хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-03-05 10:50:56

ВАШИНГТОН. /TASS/. Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын үндэсний валют юанийг олон улсын нөөц валютаар албан ёсоор хүлээн зөвшөөрснийг тус сангийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОУВС-гийн мэдээлэлд онцлон дурдаж буйгаар, нөөц валютаар хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор юанийг ОУВС-гийн гишүүн орнуудын валютын нөөцийн бүтцийн тухай улирал тутмын тайланд АНУ-ын доллар, евро, Японы иен, Британийн фунт стерлинг, Швейцарийн франк, Австралийн доллар болон канад долларын хамт тусад нь мөр болгон оруулах шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гаргасан байна. Юанийг тайланд тусгаж эхэлснээр "сангийн гишүүн орнууд юаниар илэрхийлэгдсэн гадаад хөрөнгийн албан ёсны нөөцөө төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хэрэгцээнд зориулан чөлөөтэй ашиглаж болно гэсэн үг юм" гэж ОУВС тайлбарлажээ.

Энэ алхам нь Хятадын гадаад валютын нөөцийн үнэлгээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй юм. Энэ нь “Хятадын Ардын банкны юанийн хөрөнгө нь гадаад валютын нөөц биш” бөгөөд ОУВС-гийн санхүүгийн тайланд тусгагдаггүйтэй холбоотой.

Тус сангийн шийдвэр энэ оны 10 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Үүний сацуу юань АНУ-ын доллар, евро, иен, фунт стерлингийн хамт ОУВС-гийн нөөц валютын сагсанд орно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ