Морин хуурын чуулга талархлын тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-19 10:37:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Морин хуурын чуулгаас Япон Улсын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлэн "Фурусато-Эх орон" тоглолтоо энэ сарын 22-нд Улсын Филармонид толилуулна.

Морин хуурын чуулга 1997 оноос эхлэн Япон, Монгол Улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэнд талархан Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан билээ.

Энэхүү өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог нэр хүндтэй шагнал бөгөөд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог юм.

Монгол Улсын Морин хуурын чуулга 1992 онд анх үүсэн байгуулагдаж, монголын болон олон улсын мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан, өнөөг хүртэл мянгаар тоологдох уран бүтээлийг дотоод, гадаадын олон тайзнаа үзэгчид, сонсогчдын хүртээл болгожээ. Тус чуулга нь энэ хугацаанд төрийн болон олон улсын томоохон ёслол, арга хэмжээнд Монгол Улсын урлаг соёлын томоохон төлөөлөгч, соёлын элч болж дэлхийн олон орноор айлчлан тоглосон билээ.

Холбоотой мэдээ