ЖДҮХС-гаас зээл авч чадаагүй үндэсний үйлдвэрлэгч компанийн эзэд үгээ хэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-06 15:27:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар ЖДҮХС-гийн зээл олголтын асуудлаар ХХААХҮЯ-ны сайд асан П.Сэргэлэнг АТГ-д шалгуулах хүсэлт гаргаж буйг дуулгав.

Хурлын эхэнд тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, Ерөнхий сайдад уламжилсан 4 шаардлагын 3 нь  хэрэгжиж байна. Харин өнгөрсөн оны 6 дугаар сард ХХААХҮ-ийн сайдын А76 тушаалаар баталсан ЖДҮХС-аас төсөл сонгон шалгаруулах журам гэж байдаг. Энэ журманд өөрчлөлт оруулах нь чухал. Засгийн газрын 2016 онд гарсан журмаар ямар тогтоолоор хэдэн хувийн хүүтэй зээл олгохыг заасан байсан. Гэтэл энэ журмыг ХХААХҮЯ-ны сайд асан П.Сэргэлэн өөрчилж бусдад давуу байдал үүсгэж энэ бүх хууль бус үйл ажиллагааны эхлэлийг тавьсан гэсэн шалтгаанаар АТГ-т шалгуулахаар хүсэлтээ өгч  байна гэв.

Үүний дараа тус холбооны зээл авахаар материалаа өгсөн ч авч чадаагүй зарим ЖДҮ эрхлэгчид өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэв.



“Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр, Манай компани хаягдал дугуйг дахин боловсруулж хүүхдийн тоглоом, 14 нэр төрлийн резин хавтан үйлдвэрлэдэг. 2015 оноос хойш компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХС-гаас зээл авахыг удаа дараа хүсч байсан ч нааштай хариу өгөөгүй өдий хүрсэн. Үйлдвэр маань одоогоор цагт 150 дугуйг шатаалгүйгээр байгаль орчинд ээлтэй технологиор бутлан дахин боловсруулах хүчин чадалтай. Хүчин чадлаа нэмэгдүүлэн цагт 300 дугуй буталдаг болчихвол монголдоо резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилготой байсан. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 8 сая орчим дугуй байгальд ээлтэй технологиор устгасан. Гэр хороололд шатаж агаар ихээр бохирдуулдаг дугуйг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулснаар агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулах байсан юм гэлээ.

 

MCPTкомпанийн захирал Д.Бямбадаш, Манай компани 2009 оноос хойш шорлогны нүүрс үйлвэрлэлээр өдийг хүртэл ажиллаж байна. 2015 оноос бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаар “Alibaba” сайтад байршуулсан. Сайтаар дамжуулан олон улсад гарах боломжтой чанартай бүтээгдэхүүн хэмээн гадны компаниас үнэлж, хамтран ажиллах санал тавьсан. Гэтэл тус компани одоогийн үйлдвэрлэж байгаагаас 10 дахин их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэхийг хүссэн. Тиймээс тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авахыг хүсэн бүх материалаа ном журмаар нь бүрдүүлсэн ч авч чадаагүй. Хэрвээ зээл олгосон бол 27 ажилтантай манай үйлдвэр нэмж 80 хүнийг ажлын байраар хангах боломжтой байсан"  гэв.

Холбоотой мэдээ