Бугын толгойн гарам дээр 36-тай ирлээ, Баяр дүү........?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
183@montsame.mn
2018-11-05 13:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1982 oны 11 дүгээр сарын 3-ны өдөр Ганболдын Баяр Архангай аймгийн Тариат сумын төвд төржээ. 5 нас хүртлээ дүүжин даажиндаж тоглосоор хэлд, хөлд ч оржээ. Наснаасаа эрт сургуульд орох сэргэлэн цовоо! Ээжтэйгээ аргал түүж яваад гэнэтхэн хөл нь суларч унажээ. Хөл дээрээ хэд хэд босч хэд хэд унажээ.Тариатын Мандал толгойгоо тойрч гүйж явсан, Суман голоосоо бортого дүүрэн ус зөөж ээжийнхээ тогоо нэрэхэд нэмэрлэж, аргал түүж гүйсэн хүү" Ээж ээ! Хөл гишгэж болохоо байлаа!" гээд уйлахад ээж нь аргалаа асгаад арагтаа суулгаж үүрээд харьжээ! Эндээс л Баяр аргал түүдэг Тариатаасаа үг түүж суудаг болсон! Нэг хоёрдугаар ангидаа уншиж бичиж сураад, ойр тойр алхах нь муудсаар, хүүхдүүд шоолохоор ичингүйрч сургуулиасаа гараад гэртээ ном бөөндөх болсон! Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ном уншжээ! Бие даан номын бясалгал хийжээ! Суман голын хөвөөнд сууж усан дор гялтганах чулуутай ярьж, замаг дороо нуугдах жараахай загастай найзалж, гэрийнхээ гаднах болжмор, энгэр шүргэн нисэх хараацайтай тоглож, өвс цэцэг бүртэй шивнэж, шөнө орой дэнгийн эрвээхэй, ялаа шумуултай ярьж ганцаардахаа ч байжээ! Г.Баяр ингэж еөөрийн ертөнцтэй болов! Дотоод энэ ертөнцийн баяр гунигаа шүлгээрээ гаргах болов! Ажлаа ч олжээ! Ном унших, шүлэг бичих, өвс, ус харах, юм бодох миний ажил гэж ярих болов! 

Гэртээ суухдаа хоёр ч ном бичиж хэвлүүлж. 

Номоо дэрлэж унтдаг байж! Ганцаардалдаа уйдна. Гараад гүймээр санагдана! Үeийнхэн нь хот явна. Их дээд сургуульд явна. Үерхэж найзална.Үнсэлцэж тэврэлдэнэ. Хот явахаар шийдээд МЗЭ-ийн дээр нээгдсэн утга зохиолын сургуулийг сураглаж очжээ! Тэнд МӨнхбаатар, Минжинсайхан хоёртой танилцав. 2009 оноос энэ гурвын мөнхийн нөхөрлөл эхэлж! Г.Баярыгаа хоёр найз нь түрэхдээ түрж, өргөхдөө өргөж, яруу найргийн наадмуудад дагуулж шүлгийг нь уншуулж, уралдуулж, шөнөдее хамт хонож, өдөртөө хамт тэнэж, болзоонд аваачиж нэгэн үеийнхнийхээ дунд "жиргүүлжээ"! Г.Баяр эдэнгүйгээр, тэд ч Баяргүйгээр амьсгалах хэцүү болж! Ийм сайхан нөхөрлөл дунд эдний дундаас олон ном, дуу төрж! Бие биеэ хөглөж! Баярыгаа хөл дээр нь босгох гэж найз нар нь их гүйсэн! Г.Баярын шүлгүүд чамбайрч олон уралдаанаас бай шагнал түүж зохиолчдын анхааралд ч орж ирсэн! Нутгийн энэ дүүгээ миний хувьд сайн мэдэхгүй явсаар 2012 онд аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар болсон архангайн зохиолчдын чуулга уулзалтаар л анх уулзсан! 1986 оноос анх санаачилсан "Хангай" цомын маань шүлгийн наадмыг сэргээн хийцгээж байхуйд Түрдэг тэргэн дээр сууж орж ирсэн залуу өвөрмөц шүлэг уншив. "Xaнгай" цомоо бид дуу нэгтэй гардуулсан. Тэгэхэд л Г.Баяр надтай аминчлан уулзаж танилцсан. Би ч Тариатынхаа хүүг олзуурхаж сайхан яруу найрагч төрөх нь гэж бахархсан! "Хангай" цом хүртсэндээ ихэд баярласан Г.Баяр дүү маань хот руу яаран буцах намайг хар үүрээр автобусанд суулгаж өгч байсан. Тэр бол их баярласных байх! Дашрамд хэлэхэд миний санаачилсан "Хангай" цомыг Тариатынхан олон хүртсэн байх шүү! Анхныхыг Нэргүй багш, хоёр гурван удаагийнхийг Түмэндэлгэр багш, миний бие, манай Баяр xүртсэн байх aa?

Лав л "Хангай" цом хүртэснээсээ хойш Г.Баяр маш их урам орж 2012 оны яруу найргийн их бага наадмуудыг урдуураа гаргахаа байж 2013 онд бол бөөндөж эхэлсэн дээ! Мөнөөх л Минжинсайхан Мөнхбаатар нь өргөж тэврээстэй явна. Олон ч шагналаа эд нар хуваагаа биз ээ! 2014 онд "Танихгүй цэцгийн үр" номоороо "Алтан өд" шагнал авсан. Зохиолчдын шинэ жилээр гардуулж бид нэг ширээнд суун мялаасан. Манай Б.Баярсайхан өгүүллэгийн номоор бас хүртсэн. Ингээд" Алтан өд" xүртсэн рекордоороо бас л арын хангайнхан өнгөлж яваа шүү...П.Батхуяг нэлээд олон удаа, Б.Баярсайхан хоёр удаа, Г.Баяр, О.Содномпил гээд...М.Амархүү бид хоёр л мултраад байдаг юм. Би ч нэг л удаа номоо өгөөд больсон. Аархал минь ихдээд байдаг шиг байгаа юм!
Г.Баярыг би шүлгээ яг л өөрийхөөрөө аархуу омголон бичиж байгаарай гэдэг байсан! Сэтгэлийг нь өргөж урам өгч буй нь тэр. Г.Баяр урам орсоор нэгэн найзынх нь онож хэлснээр "хөлгvй онгод"-ондоо ч орсон доо! Найз Минжинсайхан болоод нөхөд нь "Тэнгэрийн сүм-Эх орон" дуу найргийн цэнгүүнийг нь UВ паласад чинээнд нь тултал хийсэн. Г.Баяр ч, бид ч хөлгүй баярлацгаасан. Хөлөө эмчлүүлж босоод гүйнэ л гэж бодоцгоосон! "Булчин сулрах" гэгч өвчин эдгэх боломжгүй гэх хариу ирсэн. Санаснаар болоогүй! 2014 оны энэ цаг мартагдахгүй! 2014 онд Тариатын 10 жилийн дунд сургуулийн 90 жилийн ойгоор Гичгэний гүүр доор хурдан морь үзээд сууж байсан минь бидний сүүлчийн уулзалт байсныг даанч төсөөлөөгvй ээ! Бас сумын клубт "Ахтайгаа шүлгээ уншия" гэхэд нь "За яахав болох биз " гэчихээд анги төгсөлтийн найр наадам хэсээд явчихсандаа харамсдаг юм. Мэдсэн бол Хоргоо доргитол хамтдаа шvлгээ унших байж! Минжинсайхан зэрэг найзууд нь хэвтэрт орсон андаа үргэлж тойрч эргэцгээсэн! Мөнхцэцэг даргын хүнлэг тусаар Г.Сэр-Одын нэрэмжит шагнал өгсөн нь цагаа ч, нүдээ ч олсон! Г.Баяр маань түүнийг анхныхаа номыг дэрлэж унтаж байсан шигээ үхтлээ гараасаа салгаагүй байх аа!


Ийнхүү 32 насандаа Г.Баяр маань өөрийн зассан "Тэнгэрийн сүм"-дээ морилсон. Харин гайхамшигт найз Минжинсайхан Мөнхбаатар нарынхаа буянаар 36 насандаа буюу төрсөн өдреөөөө "Бугын толгойтын гарам"-даа бууж мордоод явлаа!
Найзууд нь номыг нь ингэж нэрлэжээ. Оносон ч юм уу? Уг нь 2013 онд "Алтан өд" хүртсэн номоо "Бугын толгойн гарам" гэж нэрлэсэн ч Галсансүх редакторлахдаа "Танихгүй цэцгийн үр" болгоод өөрчилчихөж. Өөрөө дурамжхан байсан. Бугын толгойн гармыг сайн мэдэх би Галсансүхэд " Яагаад хүүхдийн номын нэр өөрчлөөв" гэхэд "Алтан өд өгөх" гээд маягийн юм хэлж займчуулж байсан. За нээрэн ч "Алтан өд" авлаа гээд өөр юм хэлээгүй! Г.Баярын "Бугын толгойн гарам" дуртай нэрийг шинэ ботид нь өгсөн нь оножээ! Г.Баярын аав Ж.Ганболд ахаас өчигдөр зэрэгцэж суухдаа Бугын толгойн гармаар тэр гарч үзсэн бол уу? гэж асуувал" Үгvй гараагүй байх. Дэргэд нь очдог байсан байх. "Бугын толгойн гарам" гэж их ярьдаг байсан" гэлээ. Г.Баяр дүү маань хөлөө эдгээгээд "Бугын толгойн гарам"-ыг туулж үзэх гэж боддог байжээ! 
Тариатын "Бугын толгойн гарам" бол их сайхан үзэсгэлэнтэй газар. Хоёр хясааны дунд байх Суман голын гарам. Саглагар том шинэс модны харалдаа эрэгтээ өвдөг татам өвстэй, морины ташаа татам устай! Гэхдээ Суман голын хамгийн намуун зөөлөн урсгалтай хөвөө. Намар бугын урамдах, ороо орох цагаар буга согоо тэр гармаар гарч усны тунгалаг өвсний сорыг шимтдэг газар. Нэгэн анчин биш ангууч эр түүгээр гарсан хангал бугыг буудаж хороон эврийг нь модонд өлгөж хаяснаас хойш нутгийнхан цээртэй ханддаг болсон газар! Үүнийг л Баяр их бодож тунгааж байсан байх даа? 

Ямар сайндаа өчигдөр номынх нь баяр дээр бивээр " Бугын толгойн гармын энэ түүхийг хэлж, бас манай Тариатад их олон гарам бий. Баярын аав Ганболд ахын ч гарам бий. Сумын ус цаг уурын хяналтын тороостой гармаар хүүхэд багачууд их гарсан.Хичээлийнхээ завсарлагаар тороосдож гараад самар жимс түүгээд, дэггүй банди нар тамхилаад ирнэ. Бас шалгалтын үеэр тороосдож гараад модтой асган дунд ном унших сайхан байж билээ. Хүүхдүүдийн өмнөөс Ганболд ах их загнуулж байсан байх! Тэрхийн голд бол эсэргүүний жил цэргүүд гарч байсан "Хувьсгалын гарам" бий. Даанч Гичгэний голын доор Гуа гэх уулын ард мөнөөх домогт Танкийг ухаалаг нэг эмээ маань шар тосоор дэлбэлж зогсоогоогүй бол "Танкны гарам"-тай ч болох байсан" гэж зохиолч, цуглагч олноо инээлгэн хөгжөөх вэ дээ! Яруу найрагч Тариат нутгийн хүү Ганболдын Баяр ийнхүү "Бугын толгойн гарам"дээрээ бууж мордоод явлаа! 36 насаа дуу шүлэгтэйгээ тэмдэглээд явлаа! Цаашлаад шинэ номтойгоо, нас нэмэх болгондоо "Бугын толгойн гарам" дээрээ уулзаж, "Тэнгэрийн сүм"-ийнхээ бясалгалыг хуваалцаж байх буйз аа!

2018.11.03.Нацагдоржийн номын сүм дор...


МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ