Налайх дүүрэгт хүүхдийн шинэ цэцэрлэгийн шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр барих 100 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр болов.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон бусад албаныхан оролцлоо.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, “Өнгөрсөн сард дүүргийн 1 дүгээр хороонд хүүхдийн цэцэрлэгийн шав тавьж байсан бол өнөөдөр 3 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан. Энэ хороонд цэцэрлэгт хамрах насны 580 хүүхдийн тэн хагас нь гэртээ хүмүүжиж байна. Ирэх оны 8 дугаар сард 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж нээгдлээ” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хүүхэд байхдаа энэ газар тоглож өссөн. Хүүхдийн цэцэрлэг барихад газрын асуудал хүндрэлтэй байв. Тиймээс дүүгийнхээ газрын эрхийг цуцалж чөлөөлснөөр энд 100 хүүхэд цэцэрлэгтэй болох ажлыг эхлүүлж байгаа сайхан үйл явдал боллоо” гэлээ.
Цэцэрлэг хүрэлцээ дутуугаас Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 3658 хүүхдээс 1280 нь гэртээ хүмүүжиж байгаа юм.
Уг цэцэрлэгийн барилгын ажлыг "Допт Интернэйшнл" ХХК гүйцэтгэх бөгөөд ирэх оны 8 дугаар сард ашиглалтад оруулах юм.