Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 80 жилийн ой тохиолоо

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-01 11:24:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 80 жилийн ойн хүрээнд тус албанаас “Цагдаа цогцолбор”-т байгуулсан дурсгалын хөшөөт талбайн нээлт  өчигдөр болов.


Ёслолын үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, хурандаа З.Дашдаваа болон даргын зөвлөлийн гишүүд оролцов.


Мөн ойн хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолыг СТӨ-нөө  зохион байгуулж тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдаа шагнаж урамшуулав.


Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж буй алба хаагчид хамтдаа баяраа хуваалцсан юм.


Тэртээ 1938 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн “Улсын хөрөнгийг ашиглан шамшигдуулагчидтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай” тогтоол гарч Улсын Цагдан сэргийлэх газраас олон нийтийн өмчид халдагч этгээдүүдтэй тэмцэх үүрэг бүхий “Эдийн тасаг”-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь өнөөгийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тулгын чулууг тавьсан үйл явдал болсон юм.

Холбоотой мэдээ