Төрийн ордонд болох “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөнд 500 төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-16 13:01:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн 10 дугаар сарын 18-нд Төрийн ордны Их танхимд болно.

Энэхүү зөвлөгөөнийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж буй юм. Зөвлөгөөнд биеийн тамир спортын ажилтан, албан хаагч, мэргэжилтэн, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн судлаачдын 500 төлөөлөгч оролцохоор уригджээ.

Монгол Улсын БТС-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталж 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Иймд БТС-ын салбар шинэ, бодлого чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлага бий болсон. Тодруулбал, тус салбарыг бие даасан, улс орны хөгжилд тэр тусмаа хувь хүний хөгжил, Эрүүл-Монгол хүн, эвсэг хүчтэй улс орныг цогцлоохын төлөө “Сайн-Засаглал”-ыг бүрэлдүүлж ажиллах нь эн тэргүүн зорилт юм.

Энэ хүрээнд БТС-ын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын “БТС-ын тухай” хууль болон бусад хууль, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, БТС-ын төрийн болон ТББ-уудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох арга зам, шийдэл чиглэлийг тодорхойлох цогц асуудлыг хэлэлцэхэд “Спорт ба хөгжил” зөвлөгөөний зорилго чиглэгдэж байна. Өнөөдөр БТС-ын тухай хууль салбарын хэмжээнд удаашралтай хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн санхүүгийн заалтууд нь 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Шинэчилсэн хуулийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын, Үндэсний шигшээ баг байгуулах, Улсын хэмжээнд тэмцээн, уралдаан зохион байгуулах , 21 аймаг, сум орон нутагт БТС-ын арга зүйчтэй болох зэрэг  журам гаргах БТСГ-ын 10 гаруй заалт бүхий Удирдамжийг тус зөвлөгөөнд оролцох төлөөлөгчдөд тарааж реформын саналыг урьдчилан түгээсэн байна. Энэ асуудлыг уг зөвлөлгөөнөөр хэлэлцэх юм.

Дашрамд дуулгахад, БТСГ-аас Үндэсний статистикийн хороотой хамтран БТС-ын салбарын хүрээнд статистикийн үзлэг, тооллогыг амжилттай явуулсан байна. 

Холбоотой мэдээ