Бензиний үнэ дахиад л нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-13 20:19:01


   Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт бензин шатахууны үнэ дахин нэмэгдлээ. Ингэснээр одоогоор А 92 бензин 2150 төгрөг, А 80 бензин 1970 төгрөг болж литр тутам нь 60 төгрөгөөр нэмэгдээд байна. Харин дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж нэг литр нь 2330 төгрөг боллоо. Увс аймагт бензин шатахуун жижиглэнгээр болон бөөнөөр худалдаалдаг долоон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд бүгдээрээ үнээ нэмэгдүүлжээ.

Он гарсаар бензин шатахууны худалдаа эрхлэгчид 5-6 удаа үнээ нэмэгдүүлсэн бөгөөд ингэх бүрдээ литр тутамд 60-90 төгрөгөөр нэмж байжээ.

 2015 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар А 80 бензин 1550 төгрөг, А 92 бензин 1660 төгрөг, дизель түлш 1850 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байжээ. Увс аймгийн хувьд ОХУ-тай хөрш зэргэлдээ оршдог бөгөөд Хандгайтын боомтоор 100 гаруй км яваад бензин шатахууныг хойноос оруулж ирдэг мөртлөө ийнхүү төвийн бүсээс ч өндөр өртөгөөр бензин шатахууныг борлуулж байгаад иргэд бухимдалтай байна.

                                                                                                                                      Б.Батхүү 

Холбоотой мэдээ