Сайд Л.Пүрэвсүрэн Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Маргот Вальстромтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 16:55:14

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Маргот Вальстромтой уулзав.

Уулзалтаар сайд нар Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. Сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын харилцаанд иргэд хоорондын харилцаа чухал байр эзэлдгийг тэмдэглээд Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хэл, соёлоо хадгалан үлдэх бололцоог бий болгох үүднээс Монголын соёлын төвийг Стокгольм хотод байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сайд нар олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Сайд Маргот Вальстром Монголын соёлын төв байгуулах асуудалд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, Монгол Улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Аюулгүйн зөвлөлийн сонгуульд дэмжих, Арктикийн зөвлөлд ажиглагчаар элсэхэд дэмжлэг үзүүлэхээ уулзалтын үеэр илэрхийлэв.

Мөн ардчиллыг бэхжүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд хамтран төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд