“Монгол туургатны мисс” тэмцээн ирэх сард Улаанбаатар хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2016-02-29 13:45:31

Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс “Монгол Туургатны шатрын их наадам” болон “Монгол туургатны Мисс-2016” шалгаруулах тэмцээнийг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус нийгэмлэг нь Дэлхийн Монголчуудын эрүүл мэнд, спорт, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн олон талт харилцааг дэмжиж “Чадварлаг Монгол хүн" -ийг алдаршуулах зорилготой.

Ирэх  сарын 13-20-нд болох "Монгол Туургатны шатрын их наадам"-д Монгол, Тува, Өвөр Монгол, Халимаг, Буриад зэрэг улсаас шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцон тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулах юм.

Тус наадамд Дэлхийн шатрын холбооноос ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Монголын шатрын холбоо зохион явуулах юм. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах аж.

Түүнчлэн "Монгол Туургатан мисс-2016" шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 20-28-нд зохион байгуулна.

Тэмцээнийг Мисс модель, Мисс фото, Мисс авьяас, Мисс бикини, Мисс үндэсний хувцас, Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн зургаан төрлөөр явуулж, олон улсын миссийн тэмцээний жишгээр шилдгүүдийг шалгаруулах юм. Тэмцээнд Монгол, Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсаас тус бүр гурван бүсгүй оролцож,  эцсийн шатанд 16-20 бүсгүй өөрсдийн гоо сайхан, ур ухаан, авьяас чадвараараа өрсөлдөнө.

Тэмцээний оролцогчидтой Франц улсын дизайнер, зурагчид ажиллах бөгөөд цахим хуудсаар санал асуулга явуулж, шүүх аж.

Тэмцээний шагналын сан 50 сая төгрөг бөгөөд “Тэргүүн мисс” Вьетнам улсаар аялах эрх болон тус улсад болох олон улсын загварын шоунд оролцох эрхтэй болох юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ