Сонгууль явуулах хүртэл Туркийн цэргүүд Сирээс гарахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-05 11:56:32

АНКАРА. /ТАСС/. "Сирид сонгууль явуулах хүртэл тус улс дахь оролцоогоо Турк улс хэвээр хадгална. "Сирийн ард түмэн сонгууль явуулах үед бид Сирийг харьяалагдах хүмүүст нь үлдээнэ. Гэхдээ зөвхөн тэднийг сонгууль явуулсны дараа" гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган цохон тэмдэглэсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

АНУ, Франц болон Туркийг нутаг дэвсгэрээсээ цэргүүдээ гаргахыг Сири улс шаардаж байгаа болохыг тус улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Валид Муаллем есдүгээр сарын 29-нд Америкийн Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы индэрээс үг хэлэхдээ мэдэгдсэн юм.

Туркийн цэргүүдийн Сирийн нутаг дэвсгэрт явуулсан “Ефратын бамбай” ажиллагаа 2017 оны гуравдугаар сард дууссан юм. 2016 оны наймдугаар сард эхлүүлсэн уг ажиллагаа Сирийн Аазаз-Жараблус-Эль-Баб хотуудын хооронд бий болсон гурвалжинд Туркийн хяналтад “аюулгүйн бүс” үүсгэсэн юм. Туркийн цэргүүд болон Сирийн чөлөөт арми гэж нэрлэсэн бүлэглэл курдуудын “Өөрийгөө хамгаалах ардын хүч” отрядын эсрэг явуулсан ажиллагааны дараа энэ оны гуравдугаар сард Алеппо хотоос 65 км зайтай оршдог Африн хотод оржээ. 

Д.Жаргал

Холбоотой мэдээ