Бахрейнд Ираны талыг баримталсан бүлэглэл байгуулсан 111 хүнийг шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-26 10:50:51

ДОХА./РИА Новости/. “Бахрейны Хезболлах” гэдэг Ираны шиит шашинтнуудын талыг баримтлагч бүлэглэл байгуулсан хэрэгт буруутгасан 169 хүний хэргийг Бахрейны Прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ. Энэ тухай тус улсын мэдээллийн “BNA” агентлаг Прокурорын газрын терроризмтой холбоотой хэргийг мөрдөн шалгах газрын дарга Ахмед аль-Хамадигийн мэдээллийг иш татан уламжилсан байна.

 

“Бахрейны Хезболлах” гэж нэрлэсэн террорист бүлэглэл байгуулсантай холбоотой хэргийг Прокурорын газар шалгаж дууссан бөгөөд уг хэрэгт буруутгагдаж байгаа 169 хүний хэргийг шүүхэд шилжүүллээ. Эдгээр хүмүүсийн 111-ийг нь баривчилсан” гэж аль-Хамади мэдэгджээ.

Түүний хэлснээр, дээрх хүмүүст террорист бүлэглэл байгуулсан болон ийм бүлэглэл байгуулахад оролцсон, хүний амь хөнөөхийг завдсан, тэсрэх төхөөрөмж үйлдвэрлэсэн болон ашигласан, зөвшөөрөлгүй галт зэвсэг хадгалсан, террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, ял тулгасан байна. Энэ хэргийг шүүх хурал Бахрейны Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд аравдугаар сарын 3-нд болох аж. 

 

Бахрейнд Засгийн газрыг эсэргүүцсэн шиит шашинтнуудыг баривчилж, цаазын ял оноох нь олонтаа байдаг билээ. Тус улсын эрх баригчид тэднийг Иран улстай холбоо сүлбээтэй гэж сэжиглэдэг бөгөөд Иран улс лалын шашны суннит урсгалыг дагадаг Аль-Халифын угсааны хаанчлалыг түлхэн унагаахын тулд Бахрейны сөрөг хүчнийг дэмждэг гэж үздэг байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ