Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах арга зүйд сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-17 15:15:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас  БСШУСЯ, Боловсролын хүрээлэн,Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран, орон нутгийн  сургагч багш бэлтгэхээр  “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулж байна.


Орон нутгийн сургагч багш бэлтгэхээр 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, боловсролын хэлтсийн  60 гаруй мэргэжилтнүүдийг хамарсан тус сургалт энэ сарын 20-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. Тэдгээр сургагч багш нар тус тусын орон нутагтаа салбар сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх юм. 


Сургуулийн өмнөх боловсролын түвшинд буюу цэцэрлэгийн насныханд энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад суралцах бол  бага боловсролын түвшинд тохиолдож болзошгүй аюул ослыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах чадвар эзэмших юм.


Харин суурь боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед бэлтгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, амьдралын зөв дадал эзэмших бол бүрэн дунд боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадалтай болох юм.


“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын түвшин бүрд суралцагчдын мэдлэг, чадвар дээшилж, зөв зан үйлд төлөвших ач холбогдолтой.

Холбоотой мэдээ