МоАХ-ны анхдугаар хуралдааны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын ардчилсан холбооны /МоАХ/ анхдугаар хуралдааны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс 26 жилийн өмнөх энэ өдөр МоАХ анхдугаар хурлаа хийж, тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн илтгэлээ ард түмэндээ танилцуулж байсан. Илтгэлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам уншиж, олон нийтэд танилцуулж байсан бөгөөд анхдугаар хурлаараа ерөнхий зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 35 хүн, тэргүүлэгч гишүүнээр 9 хүнийг сонгосон түүхэн үйл явдал болж байсан гэж УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга мэдээллийн эхэнд онцлов.
УИХ-ын дарга З.Энхболд мөн 26 жилийн өмнө өрнөсөн тэрхүү үйл явдал нь монголчуудын амьдралд чухал дэвшил болсон гэдгийг тэмдэглэсэн бол анхны УИХ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “26 жилийн өмнө бид өнөөдрийг ардчилал бат суурьшсан, улс төрийн тогтвортой, улс төрчид нь ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээн ажилладаг байна гэж төсөөлж байсан. Нийгэм, эдийн засгийн хувьд бидний төсөөлж байснаас ч илүү дэвшил гарч. Бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх, суурьшуулах үүргээ ард түмэн, улс орныхоо өмнө бүрэн хүлээж, ажиллаж байсан. Цаашдаа ч энэ зорилгоо тавьж ажиллана” гээд 26 жилийн өмнө ардчиллын төлөө нэгдэж, анхны хуралдаанд оролцож байсан Ардчилсан хувьсгалын партизанууддаа баяр хүргэв.
Н.Туяа