Канадад суралцах цэргийн алба хаагчдын тухай ярилцав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-18 09:50:05

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр манай улсад суугаа Канад улсын Элчин сайд Эд Жагерийг Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Эд Жагер Ц.Цолмон сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлээд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол-Канадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1996 эхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаа, цэргийн сургалт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох зэрэг үндсэн чиглэлээр хөгжиж ирснийг тэмдэглэсэн. Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь хоёр орон батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш Канад Улсад хийгдэж буй БХЯ-ны анхны бие даасан айлчлал болсныг дурьдав. Түүнчлэн Канад Улсын Засгийн газрын “Цэргийн сургалтын тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай 174 цэргийн алба хаагчид Канадад цэргийн болон хэлний боловсролоо дээшлүүлсэн, энэ цаг үед 7 цэргийн алба хаагч англи, франц хэлний сургалтад хамрагдаж байна. Энэ нь манай Зэвсэгт хүчний Энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэхэд оюуны үнэтэй дэмжлэг болж байгааг тэмдэглэж, Канадын талд талархал илэрхийлж байв. Жил бүр манай оронд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Канадын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн тогтмол оролцож ирснийг тэмдэглэсэн. Харин Элчин сайд Эд Жагер "Надад Монголын офицерууд эрч хүчтэй, цог золбоо нь бадарсан залуучууд шиг санагдсан. Канадад суралцаж байсан хоёр залуу офицертэй уулзаж ярилцахад эрч хүч мэдрэгдэж билээ. Тэдний найрсаг, соёлч байдлаас үүдээд манай улсад Монголын цэргийн алба хаагчдын суралцах тоог нэмэх боломж бүрдэж байна гэж хэлж болно.  Энэ жил Канад улсад Монголын Зэвсэгт хүчнээс 32 цэргийн алба алба хаагч суралцах боломжтойг Ц.Цолмон сайд танд дуулгахдаа таатай байна. "Хааны эрэлд-2016" сургуульд Канадын Зэвсэгт хүчин өөрийн төлөөлөл 16-20 цэргийн алба хаагчийг оролцуулах тухай мэдээлэлтэй байгаа, энэ нь хоёр талын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд тустай болохыг талууд онцолж байв. Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, тус газрын тасгийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан нар байлцав гэж БХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ