НҮБ: Иракийн 500 мянга гаруй иргэн эх нутагтаа буцжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-02-17 15:28:46

НҮБ. /TASS/. Иракт террорист “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлсөн бүс нутгуудад 500 мянга гаруй хүн буцан очсон тухай тус улс дахь НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Ян Кубиш мэдээлжээ. Түүний хэлснээр, 2016 онд нэмээд 900 мянган ирак эх нутаг руугаа буцах төлөвтэй байна.

Террористуудаас чөлөөлсөн бүс нутгуудын байдал тогтворжиж, дотооддоо шилжин суурьшигчид эх нутагтаа аюулгүй буцан очиж байгаа нь алсдаа Иракийн хямралыг зохицуулахад маш чухал ач холбогдолтой гэж НҮБ-ын элч төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр 167 мянган оршин суугч буюу өөрөө хэлбэл хүн амынх нь 90 хувь нь буцаж очсон Тикрит хотыг сэргээн босгоход гаргаж буй хүчин чармайлт амжилттай болж байгааг жишээ болгон дурдсан байна.

“Иракийн Засгийн газар ард түмнээ гэрт нь буцаахад маш их анхаарч байна. Өнөөг хүртэл тус улсын 500 мянга гаруй шилжин суурьшигч гэртээ харьсан. Энэ жил нэмээд 900 мянга хүртэл хүн эх нутагтаа буцна гэж Засгийн газар тооцоолж байна” гэж Кубиш хэлжээ.

Иракийн аюулгүй байдлын хүчин бусад орны дэмжлэгтэйгээр “Лалын улс”-ыг босогчдоос “газар нутгаа итгэлтэйгээр эргүүлэн авч байгааг” тэрбээр мэдээлсэн байна. Түүний хэлснээр, гол бүс нутгуудыг тухайлбал Бейжи болон Синжар мужийг чөлөөлсөн нь “улс орон нь “Лалын улс”-ын босогчдоос чөлөөлөгдөж магадгүй гэсэн итгэл найдварыг иракчуудад төрүүлж байна”.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ