Өмнөд Солонгосын нисэх онгоцууд маршрутаа өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-04 14:45:33

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгос хиймэл дагуул хөөргөх гэж байгаатай холбогдуулан зарим нислэгийнхээ хуваарь болон маршрутыг өөрчлөхийг Өмнөд Солонгос Засгийн газар агаарын тээврийн компаниуддаа үүрэг болгосон байна.

Хоёрдугаар сарын 8-25-нд хиймэл дагуул хөөргөнө гэж Умард Солонгос олон улсын байгууллагуудад мэдэгдсэнийг алсын тусгалтай баллистик пуужин хөөргөх туршил болж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Хиймэл дагуул хөөргөх ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний 07:00 болон 12:00-д болно. Мөн хиймэл дагуул тээгч пуужингийн угсраанууд Өмнөд Солонгосын баруун эргээс холгүй Шар тэнгис, Өмнөд Солонгосын Чежу арлын баруун өмнөд хэсгийн тэнгис болон Филиппиний Лусон арлаас холгүй Номхон далайд унана гэж Умард Солонгос мэдэгдэлдээ дурджээ.

Умард Солонгосын мэдэгдэлд дурдсан хугацаанд Чежу болон БНХАУ-ыг холбодог 39 нислэгийн маршрутыг өөрчлөхийг агаарын тээврийн компаниудад үүрэг болгосон гэж Өмнөд Солонгосын Тээврийн яам өчигдөр мэдэгдэв.

Мөн Сөүл-Филиппин чиглэлийн хоёр нислэгийн маршрут эсвэл хуваарийг өөрчлөх үүрэг өгсөн байна.

Харин Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яамнаас дотоодын тээврийн компаниуд болон загас агнуурын байгууллагууддаа Умард Солонгосын мэдэгдлийн тухай мэдээлэл хүргүүлж, сэрэмжтэй байхыг уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ