Мьянмарын парламентын шинэ чуулган эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЕЙПЬИДО. /BBC/. Мьянмарын парламент 50 гаруй жилийн дараа ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрынхаа сайд нарыг томилохоор даваа гарагт буюу өнөөдөр хуралдана.
Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиар парламентын суудлын 80 хувийг авсан Ан Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний лигийн гишүүд давамгайлсан чуулган болох юм. Гэсэн хэдий ч, Мьянмарын Үндсэн хуулийн дагуу гол яамдыг тэргүүлдэг цэргийнхэн суудлын дөрөвний нэгийг эзэлсэн хэвээр байгаа юм.
Шинэ парламентын гол ажлуудын нэг нь шинэ Ерөнхийлөгчөө сонгох юм.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Тейн Сейн нь гуравдугаар сарын сүүлээр албан тушаалаасаа буух бөгөөд 15 жил гэр хорионд байсан Ан Сан Су Чи нэр дэвших нь Үндсэн хуулиар хориотой ажээ. Учир нь түүний хөвгүүд Их Британийн иргэд билээ.
Ан Сан Су Чи шинэ удирдагчаар дамжуулан өөрийн нөлөөгөө үзүүлэх хүсэлтэй байгаагаа урьд нь мэдэгдсэн юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгч болгохыг зөвшөөрсөн хэлэлцээрийг цэргийнхэнтэй байгуулсан гэсэн таамаг гарсан тухай BBC мэдээлэв.
Ардчиллын төлөө үндэсний лигийн Засгийн газар ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх хүртэл цэргийн дэглэмээс шилжих үйл явц үргэлжилнэ. Ардчилсан замаар сонгогдсон парламентыг хамгийн сүүлд 1962 онд Мьянмарын цэргийнхэн тарааж байжээ.
Шинэ парламентын даваа гарагт хийх ажлуудын нэг нь парламентын хоёр танхимын даргыг сонгох эрх бүхий хүн буюу парламентын даргаа сонгоно.
Парламентын доод танхимын даргаар Вин Минт, дээд танхимын даргаар Вин Хайн нарыг сонгоно гэдгээ Ан Сан Су Чи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Х.Сарнай