Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар 2030 он гэхэд таатай орчин бүрдсэн тохилог хот болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 21:59:54

Нийслэлийн Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй Улаанбаатар хотын ногоон хөгжлийн асуудлаар ярилцлаа.

 -Монгол Улс Ногоон хөгжил рүү дөтөлж байна. Нийслэлийн хувьд ногоон хөгжлийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

-2012 онд байгаль, экологи ногоон хөгжлийн салбарыг тусайлан авч үзэж бүтэц зохион байгуулалтад орсон. Дэлхийн томоохон хотууд хөгжлийн онол чиг хандлагыг хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна  вэ гэдэгт  ач холбогдол өгдөг.  Энэ утгаараа Улаанбаатар хот дэлхийн хөгжилтэй зэрэгцэх ёстой гэж үзсэн.  Тодруулбал өндөр хөгжилтэй  орнуудаас суралцах нь зүйтэй гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн бодлого  өөрчлөгдөж байна. Тухайлбал НҮБ энэ оны 12 дугаар сард Мянганы хөгжлийн бодлогоос Тогтвортой хөгжил буюу ногоон хөгжил рүү шилжсэн тухайгаа дэлхий дахинаа  тунхаглана. Улаанбаатар хот  ногоон хөгжил, ногоон хот, ногоон ирээдүйн талаар үзэл баримтлалтай болсон.  2014 онд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хуульчлан баталлаа. Энэхүү үзэл баримтлалд тулгуурлан бид ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болов.

-Тэгвэл Улаанбаатар хот ногоон хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлсон гэж ойлгож болох уу?

-Хөгжлийнхөө чиг хандлагыг ногоон хөгжлөөр тодорхойлсон дэлхийн томоохон хөгжилтэй хотууд бий. Тухайлбал Сөүл, Сиднейг нэрлэж болно. Энэ хотуудын адил хөгжлийн чиг хандлагаа тодорхойлчихвол  хөгжих суурь нь бий болно. Алсдаа Улаанбаатарт ийм хөгжлийн чиг хандлагатай байна гэдгээ тодорхойлохоор бид ажиллаж байна.  

-Нийслэлээс “Ногоон хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулах  гэж байна. Энэ чуулганаар ямар асуудлыг хөндөх вэ?

- Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар тогтсон. Ирэх 12 дугаар сард Парист болох чуулганыг угтан Зүүн хойд Азийн хотуудын дарга нар уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль орчин сүйдэх, байгалийн гамшигт үзэгдэл их болж буй учир үүнд гол  анхаарлаа чиглүүлж байна. Дээрх үзэгдлийн эсрэг  дэлхий дахинаараа  тогтвортой зогсож байгаль орчноо хамгаалах, ногоон технологи нутагшуулах зэрэг хөгжлийн чиг баримжааг  тодорхойлох уриалга гаргаж буй юм. Энэ уриалгыг дэмжиж  “Ногоон хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 21-22-ны өдөр Улаанбаатарт  зохион байгуулна. Тус чуулга уулзалтаар бид ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөний бүтцээ танилцуулна. Парист болох чуулганаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Олон улсын хэмжээнд болох тус уулзалтаар олон улс тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдсэнийг судлах боломжтой.

-Улаанбаатар хот тус чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна?

-Улаанбаатар хот ногоон хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлсон гэдгээ дэлхий дахинд  тунхаглана. Түүнчлэн ногоон хөгжлийн хүрээнд хийх ажлуудаа танилцуулж, хөрөнгө  оруулалт татах боломжтой. Мөн дэлхий дахинд ногоон хөгжлийн талаар дуу хоолойгоо хүргэн  байгаль орчинд ээлтэй экологийн чиглэлийн  арга хэмжээнд нэгдэхийг уриална. Ингэснээр Монголчуудыг байгаль эх дэлхийгээ хайрлах тэнүүн сэтгэлтэй  ард түмэн гэдгийг дэлхий даяар мэднэ.

-Дээрх чуулга уулзалтаар ногоон хөгжлийг илтгэх үзэсгэлэн гаргана гэсэн. Энэ тухайд?

-Ногоон хөгжилд түлхэц үзүүлсэн ногоон технологийг өөрсдийн  боломжид тулгуурлан  харуулахыг зорьж байна.  Жайка, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын байгууллагууд манайд агаарын бохирдлыг бууруулах төслүүд хэрэгжүүлдэг.   Монгол Улстай агаарын бохирдлын эсрэг хамтран ажиллаж буй эдгээр төслүүдийн хүрээнд ямар  техник, технологи нэвтрүүлж буйг төлөөлөгчдөд танилцуулах зорилгоор үзэсгэлэн нээнэ.

-Ингэхэд Ногоон хөгжилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж хэр байна?

Өмнө нь хэдэн төгрөг олоод түүнийгээ салбар бүрт зарцуулаад дуусгадаг байсан. Харин одоо дэлхий дахинд хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлж чадвал санхүүжилторох боломжтой болсон. Гол нь хөрөнгө ярихаас илүүтэй  зорилтоо зөв тодорхойлох нь чухал. Ингэж чадвал хөрөнгө оруулагчид биднийг хүрээлнэ.

-Улаанбаатар хот хөгжлийн маш олон сорилттой тулгарч байгаа. Бидний хүрээлэн орчин тийм ч таатай биш байна. Хэзээ ногоон хөгжил рүү ахиж дэвших вэ?

-Манай хотод тулгамдаж байгаа маш олон асуудал бий. Агаар, хөрсний бохирдол, хог, тоос шороо, нийтийн тээвэр гээд бусад  орнуудад тулгардаг бэрхшээл бидэнд  байна.  Эдгээр сорилтуудыг  бусдаас туршлага судлах замаар даван туулах нь зүйтэй юм. Нөгөөтэйгүүр Улаанбаатар суурин иргэншилтэй хотуудыг бодвол харьцангуй орчин үеийнх гэдгээрээ онцлогтой. Үнэндээ манай нийслэл шугам, инженерийн чиглэлээр барилгажсан хот болоод 80 гаруй жилийг үдлээ. Тиймээс одоо байгаа хотынхоо тогтолцоог  залруулахад оройтоогүй. Өөрөөр хэлбэл ногоон хөгжлийн чиг баримжаатай хүний амьдрах таатай орчныг бүрдүүлсэн сайхан хот болох боломжтой юм.

- Улс орнуудын ногоон хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь юу вэ?

-Ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог хэд, хэдэн үзүүлэлт бий.  Жишээ нь тухайн хот хог хаягдал, Нийтийн тээвэр, агаар, хөрсний бохирдол, эрчим хүчнийхээ эх үүсвэрийг  хэрхэн шийдэв, цэвэр усаа эргэлтэнд оруулж чадаж уу гэсэн үндэслэлүүдээс харж болно.  Энэ мэт үзүүлэлтүүдээс  ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусгасан. Тодруулбал хогны үйлдвэрийн загвар, эрчим хүчний ухаалаг систем нутагшуулах арга, нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ  төлөвлөсөн.  Манай хотын хувьд  дутагдалтай зүйлүүд их бий. Наад зах нь  түүхий нүүрс түлж цахилгааны эх үүсвэрээ гаргаж байна. Түүнчлэн тогтолцооны хувьд ногоон технологи нутагшуулах эрх зүйн орчин  төгс бүрдээгүй.

-Та Экологи, Ногоон хөгжлийн албыг удирдаад 3 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд ямар ажил өрнүүлэв?

Ногоон хөгжлийн чиг баримжааг хуульчлан хөтөлбөр болгож олон нийтэд танилцууллаа. Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлээс гарах нөхцлийг тооцоолсон. Тухайлбал манай хот үерийн гамшигт өртөх хамгийн эрсдэлтэйд ордог. Үүнээс урьдчилан  сэргийлэх арга замаа тодорхойллоо.  Хот тохижилтоор гудамж төсөл, зам засвар, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт гээд багагүй ажлыг өрнүүлсэн. Ялангуяа сул шороо, хөрстэй газруудыг цэцэрлэгжүүлж ногоон байгууламжуудыг бий болгосон.  Иргэдийн эрүүл орчинд амьдрах гол үндэс нь цэвэр усны дамжуулах инженерийн бүтэц , төв магистрал шугамыг богино хугацаанд шинэчиллээ. Цэвэр усны эх ундрагыг хамгаалалтын бүсэд хамруулснаас гадна дараа жилд төв цэвэрлэх байгууламжаа өргөтгөнө. Мөн Улаанбаатар хотын төвд үйлдвэрлэл явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх бодлого боловсруулж, Эмээлт дэх үйлдвэр технологийн паркийг байгууллаа. Энэ мэтчилэн хийж буй ажлууд олон бий.

-Зүүн хойд  Азид  Улаанбаатар хот ногоон хөгжлөөрөө манлайлна гэсэн зорилт хэдийд биелэлээ олох вэ?

-Улаанбаатар хот 2020 хүртэлх хөгжлийнхөө стратеги төлөвлөгөө болон 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон УИХ-аар батлуулсан. 2030 он гэхэд таатай орчин бүрдсэн тохилог хот болно. Томоохон хотуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гол асуудал иргэдийн ногоон хөгжлийн боловсрол юм. Нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал нийгэм  рүү шилжих асуудлыг хослуулах  нь чухал. Өөрөөр хэлбэл иргэд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.

-Ногоон хөгжлийг ярьвал яах аргагүй хот төлөвлөлтийн асуудлыг хөндөнө. Анх 600 мянган хүнээр төлөвлөсөн хот төлөвлөлтийг хэрхэн засч залруулах вэ?

-Хэтийг хараагүй  хот төлөвлөлт өнөөдрийн хүндрэл яах аргагүй мөн.  Нэг төвтэй хот  бөөгнөрөл үүсгэдэг саар талтай.  Хатигтай зүйрлэж болно. Нэг газар төвлөрөл үүсээд хүн ам нь нэмэгдээд байвал агаар, хөрсний бохирдол ихсэнэ. Тиймээс дагуул хотуудыг бий болгох нь зүйтэй. Налайх хотыг цаашлаад Эмээлтийг дагуул хот болгох зорилт тавьсан. Ингэснээрээ байгаль эх дэлхийгээ бохирдуулахгүй хүн амын нягтралыг саармагжуулна.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын нэр хүнд Олон улсад хэрхэн үнэлэгдэж байна?

-Улаанбаатар хотын нэр хүнд бүс нутгийн хэмжээнд нэлээн өндөрт яваа гэж дүгнэж байна. Томоохон хурал зөвлөлгөөнийг нийслэлдээ  санаачлан зохион байгуулж буй явдал нь олон улсын анхааралд Улаанбаатар хот байгааг нотлох биз ээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд