Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:56:00

20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн үйл ажиллагааг Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр нээж үг хэлсэн бөгөөд “Улс төрийн эсэргүү” хэмээгдэн хөрөнгө малаа хураалган, амь нас, бие сэтгэлээрээ хохирсон хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нар цугласан юм.

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд Данриг Данжаалин хийдийн лам нар ном хурж, зул өргүүллээ. Хэрлэн сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр, ЗДТГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нар хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр “Тэртээ ард хоцорсон хүйтэн дайны жихүүн он жилүүдэд 30 гаруй мянган гэм зэмгүй иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэгээр гадуурхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснийг бид мартах учиргүй. Улс төрийн хилс хэрэгт Дорнод аймгийн олон мянган хүн халуун амь, хайртай бүхнээрээ хохирон үлдсэн. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхлөн үлдээх, тэднийг хойч үеийнхэнд дурсагдан сануулах, тэр аймшигт хэлмэгдүүлэлт дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс Хэрлэн сумын ИТХ-ын даргын санаачилгаар “Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө”-г босгох зорилгоор 2015 онд аймгийн хэмжээнд хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зарлан ажлын хэсэгт ирүүлсэн загварыг хэлэлцэн урчуудын эвлэлийн зураач Доржгочоогын загварыг шалгаруулсан” гэдгийг хэлж байлаа.

Энэхүү ажил эхлэх шатандаа явж байгаа бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарч хөшөөг босгох газрын асуудлыг шийдвэрлээд байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд