Мазаалайд туслах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 15:22:35

“Хонгор нутгийн дуудлага” ТББ-аас Мазаалайд туслах 1000 төгрөгийн аян санаачилжээ.

Тус хөдөлгөөний тэргүүн хэлэхдээ, “Хахир хаврын цагаар аламцагаа дагуулсан мазаалайнууд ичээнээсээ гарна. Элчилгүй говьд хоол тэжээл дутагдалтай байдаг учир тэжээлийн сав нэмж хийх, хоол тэжээл тараах ажил хийх шаардлагатай болдог. Таны өргөсөн 1000 төгрөгийн хандиваар дэлхийд ховорхон мазаалайг хамгаалах боломж бүрдэнэ” гэдгийг онцолж байна.

Сонирхуулахад, саяхан “Мазаалай баавгай судалгааны төсөл”-ийн ахлагч Харри.Р Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалын ухааны салбар, Биологи, Байгаль шинжлэлийн багшийн ангийн 3-р курсийн оюутан Г.Батнасанд 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгожээ. Г.Батнасан нь цаашид дэлхийд нэн ховорд тооцогдох Мазаалай баавгайг хамгаалах, судлах, өсгөн үржүүлэх үйлсэд хүчин зүтгэх аж. Батламжийг Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Л.Амгалан гардуулан өгсөн байна.

Мөн уг төслөөс тус аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд "Мазаалайг хэн сайн мэдэх вэ" сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ