Германы Канцлерын газрыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-07 10:15:29

БЕРЛИН. /Xinhua/. Германы Канцлер Ангела Меркелийн Берлин дэх албан байранд ирсэн “сэжиг бүхий илгээмж”-ийг цагдаа нар шалгах зорилгоор, Засгийн газрын хурлаа хийхээр сайд нар цуглах үеэр тус барилгыг хаасан тухай цагдаагийн төлөөлөгч мэдээлэв.

Канцлерын газрын гол хаалганд хийдэг тогтмол шалгалтын үеэр лхагва гарагийн өглөө сэжиг бүхий илгээмж олсноо төлөөлөгч мэдэгджээ.

Барилгын гол хаалгыг цагдаа нар хаасан хэдий ч сайд нар хурлаа хэвийн үргэлжлүүлж, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох мэргэжилтнүүд шалгалт хийхээр Канцлерын газарт ирсэн байна.

Сэжиг бүхий зүйлийн талаар цагдаагийн төлөөлөгч нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд шалгалт хийж буйн хажуугаар Канцлерын газрын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэв.

Арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парист 130 хүний амь авч одсон террорист халдлага болсны дараа Европын орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ