“Монроуд” ХХК “Монгол Холдинг”-той нэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2016-01-05 16:38:39

УЛААНБААТАР. /PRNewswire/. Хамтын ажиллагаа, солилцооны хэлэлцээрт хүрснээ “Монгол Холдинг” корпораци болон “Монроуд” ХХК мэдэгдэв.

Ингэснээр “Монроуд” ХХК “Монгол Холдинг” корпорацийн охин компани болох юм. Түүнчлэн, “Монгол Холдинг” корпорацийн эргэлтэд оруулсан, арилжааны хаалтын үеийн ханшаар ойролцоогоор 49 хувьтай тэнцэх давуу эрхийн  хувьцааг “Монроуд ХХК”  авна. 

2001 онд байгуулагдсан “Монроуд” ХХК нь зам барилга, газар шорооны ажлын чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг юм. Зам, гүүр, төмөр замын шугам, үерийн хамгаалалтын далан барих, засах, ус зайлуулах болон газар шорооны ажил, хүнд тоног төхөөрөмжийн түрээс гэх мэт барилгын бүх төрлийн үйлчилгээг тус компани санал болгодог. Төслийг нь гүйцэтгэсэн хамгийн том харилцагчдаараа Монголын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ыг тус компани нэрлэжээ. Аудитаар баталгаажуулсан хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайланд мэдээлснээр, 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Монроуд” 36286005641 төгрөг буюу 19214805 долларын орлоготой ажиллажээ. 

“Бидний 2016 оны бизнесийн стратегид энэ үйл явдал томоохон эргэлт хийж байна. “Монроуд”-ын одоогийн материаллаг бааз, хүчин чадал, ажилчид “Герц” тоног төхөөрөмжийн компанийн Улаанбаатарт явуулах ажиллагааг хурдасгах учиртай бөгөөд үйл ажиллагаа явуулж эхлэх хатуу ба зөөлөн зардлыг хэмнэх юм. Олон улсын дэд бүтцийн хөгжлийн “Нэг бүс-нэг зам” санаачилга болон уул уурхайн “Оюутолгой” төслөөс үүдэн өсөн нэмэгдэх тоног төхөөрөмж, барилгын үйлчилгээний эрэлтийг хангахад шаардлагатай хүчин чадлаа “Монгол Холдинг” өргөжүүллээ” гэж тус компанийн ерөнхийлөгч, “Герц” тоног төхөөрөмжийн түрээсийн компанид 23 жил ажилласан Брэд Синискальчи хэлсэн байна.

“Өмнө нь бид чухалчлан анхаарч байгаагүй ч, тоног төхөөрөмжийн түрээсийн бизнесийн чиглэлээр “Монроуд” олон жил ажилласан. “Герц” компанийн Монгол орон даяар явуулах үйл ажиллагаанд “Монроуд”-ын материаллаг бааз, тоног төхөөрөмж, нарийн мэргэшсэн ажилчид, тоног төхөөрөмжийг засах чадвар, материал-техникийн хангамж, зах зээлийн мэдлэг, нэр хүнд, урам зоригийг хослуулан дайчлахаар төлөвлөж байна. “Монроуд”-ыг ийнхүү өргөжүүлснээр, илүү том төслийг гүйцэтгэх бэлтгэлтэй байх, зам барилга, газар шорооны ажлаа тэлэх стратегиа бид шаргуу хэрэгжүүлэхэд тусална. “Герц” компанийн тогтолцоо, ажлын бүтээмж болон менежментийн хосолсон багийн авьяас чадвар, туршлага ирэх жилүүдэд “Монгол Холдинг”-д олон давуу талыг бүрдүүлнэ гэж итгэж байна” гэж “Монроуд”-ын ерөнхий захирал Т.Гарамгайбаатар хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ