Хүүхэд асрах хууль хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-05 12:12:48

Монгол Улсад хүүхэд асрах хууль гарсан нь  цагаа олсон хуулийн нэг. Хүүхдийн эрсдэл маш өндөртэй, хүүхэд асрах хүний хэрэгцээ өдөр бүр өсч байна.

Ялангуяа хүйтэн сэрүүний улирал хүүхдэд хамгийн халтай байх болжээ. Харж хандах хүнгүй, гэрээ сахиж үлдсэн бага насныхан галд түлэгдэж, бэртэж гэмтэхийн сацуу амь насаа алдах тохиолдол ч гарсаар байна. 2015 онд л гэхэд улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд. Гал түймрийн улмаас 50 хүн нас барсны 15 нь бага насны хүүхэд байна. Хүүхдүүд гал түймрээс гадна халуун цай хоол, буцалсан ус зэрэгт голчлон түлэгддэг. Хүүхдүүдийн 84.2 хувь гэртээ түлэгдсэн байдаг. Мөн  осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтдэг ажээ. Ийнхүү асран харах хүнгүй, том хүний хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байгаа гэсэн харамсалтай тоог НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ. 2015 оны байдлаар 2-5 насны нийт 266 мянган хүүхэд байгаагаас гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрахгүй байна. Энэ мэт харамсалтай хэргийг таслан зогсоох, хүүхдүүдийг болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр батлан гаргасан. Хууль шинэ оны эхний өдрөөс /2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс/ хэрэгжиж эхэлж байна.  

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 8 бүлэг, 17 зүйл, 37 хэсэг, 43 заалттай. Энэхүү хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтээ 3000 гаруй иргэн гаргаад байгаа гэнэ. 3000 иргэний хүсэлтийн цаана 15 мянган хүүхдийн хувь заяа, 30 орчим мянган аав ээж  амар тайван ажлаа хийх тооцоо ч гарч байгаа юм. 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулан 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх насыг 18-65 хэмээн заажээ. Мөн “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна” гэж хуульчилсан байна. иргэдийн дунд 18 настан бусдын үр хүүхдийг харж чадах уу, 60-аас дээш настан бас хүүхэд харж дөнгөх үү? гэсэн асуулт эргэлзээ төрүүлж байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталснаар 5 хоногийн сургалтад хамруулна. Уг сургалтаар хүүхэд харах бүрэн дүүрэн мэдлэг олгож чадах уу? гэсэн асуулт ч хариу нэхэж байна. Сургуулийн өмнөх боловсролын туршлагатай багш, хүмүүжүүлэгчид үүнийг эрс эсэргүүцэж байгаа бололтой. Гэвч хүүхдийн төлөө шинэ хууль хэрэгжүүлж эхлэх цаг боллоо. Хууль зөрчсөн бол эхний удаад сануулах, дараа нь торгох, зөрчлийг давтан, удаа дараа гаргасан бол зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байна. Сүүлийн үед хүүхэд асрах, хүмүүжүүлэх газруудад камер тавих шаардлага ч зүй ёсоор урган гарсан. Хуулиа хэрэгжүүлж эхлэхээр аяндаа алдаа, оноо нь харагдаж, түүнийг засч залаад явж болох биз ээ.

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ