Обама Германд болох үзэсгэлэнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-31 11:44:46

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн аж үйлдвэрийн технологийн хамгийн том “Hannover Messe” үзэсгэлэнд оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх оны дөрөвдүгээр сард Германыг зорино гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв.

“Обама АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа энэ үзэсгэлэнд оролцох бөгөөд ингэснээр АНУ-ын инновац, зохион бүтээх чадварыг таниулах онцгой боломжийг бий болгож, хөрөнгө оруулалтын ерөнхий чиглэлийг АНУ руу татах юм” гэж Жош Эрнест мэдэгдэлдээ дурджээ.

1947 онд үүсгэн байгуулагдсан “Hannover Messe” үзэсгэлэн жил бүр дэлхийн 6500 орчим байгууллага, аж ахуйн нэгж, 200 мянга гаруй үзэгчийг татдаг байна.

“Обама Германд хийх тав дахь удаагийн энэ айлчлалынхаа үеэр тус улсын Канцлер Ангела Меркельтэй уулзана. Мөн Атлантын далай дамнасан худалдаа болон хөрөнгө оруулалтын түншлэлийн тухай хэлэлцээнд ахиц дэвшил гаргах хүчин чармайлтуудыг тодорхойлно” гэж Жош Эрнест мэдэгджээ.

Мөн тэрбээр, Обамагийн энэ айлчлал нь АНУ болон Германы улс төр, эдийн засгийн харилцаа тогтвортой байгааг илтгэхийн зэрэгцээ Атлантын далайн хоёр талд байгаа улсуудын эдийн засгийг өсгөх, ажлын байр бий болгох хөшүүрэг болсон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх АНУ-ын амлалтыг онцлон харуулж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ