Өмнөд Солонгос, Японы гэрээг буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 12:38:14

СӨҮЛ. /Yonhap/. Дайн үеийн бэлгийн боолчлолын асуудлаар Өмнөд Солонгос, Японы байгуулсан гэрээг Умард Солонгос буруушааж, Японы дайны харгислалын хэргийг хүлээлгээгүй “шившигтэй гэрээ” хэмээн үзжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед япон цэргүүдийн бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг зохицуулж, нэг хоногийн өмнө Сөүл, Токио гэрээ байгуулсан юм. Япон улс солонгос хохирогчдоос уучлалт гуйж, тус улсын хөрөнгө оруулалтаар 8.29 долларын сан байгуулах талаар гэрээнд заасан боловч асуудалд Япон хууль ёсны хэргээ хүлээх тухай тодотгоогүй байна.

Японтой байгуулсан Өмнөд Солонгосын гэрээг “дипломат ёсыг доромжилсон” хэмээн үзэж буйгаа “Япон дахь солонгосчуудын энх тайвнаар нэгтгэх холбоо” илэрхийлж, тус улсыг шүүмжилжээ.

“Япон улстай ийм гэрээ байгуулснаас илүүгээр Өмнөд Солонгос дипломат ёсыг доромжилно гэж байхгүй. Япон хэргээ хууль ёсоор хүлээгээгүй байхад Өмнөд Солонгос хэргийг эцсийн байдлаар, эргэлтгүй шийдсэн гэж үзэж байна” гэж Японд байрладаг, Умард Солонгосын талыг баримтлагч “Chosun Sinbo” сонинд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Японы бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүд Умард Солонгост бий гэж тус улс мэдэгдэн, хэргээ хүлээхийг Японд уриалсан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ