“Solar Impulse 2” дэлхийг тойрох аяллаа сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-24 15:14:50

ЖЕНЕВ. /TASS/. Нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй, Швейцарийн онгоц “Solar Impulse 2” дэлхийг тойрох аяллаа ирэх оны дөрөвдүгээр сард үргэлжлүүлэх боломжтой тухай уг онгоцны нисгэгч Андре Боршборг тус улсын “24 Heures” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ. Уг онгоц дэлхийг тойрох аяллаа энэ оны гуравдугаар сарын 9-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотоос эхэлж, долдугаар сарын 3-нд Хавай аралд ирсэн юм.

Нислэгийн өмнөх туршилтыг “хоёрдугаар сарын 20-н гэхэд эхлүүлж”, харин гуравдугаар сард урт удаан завсарласны эцэст анх удаа туршилтын нислэгээ үйлдэнэ гэж тэрбээр ярьжээ.

“Бид зайнуудыг сольж, тусгаарлагчийг нь сайжруулж, хөргөлтийн механик систем суурилсан” гэж Швейцарийн нисгэгч хэлсэн байна.

Абу-Дабигаас аяллаа эхэлсэн “Solar Impulse 2” Оман, Энэтхэг, Мьянмар, Хятадын нутаг дэвсгэрт бууж түр зогссон юм. Тавдугаар сарын 31-нд Хятадын Наньжин хотоос Хавай арал руу ниссэн байна.

Гэвч цаг агаарын таагүй байдлын улмаас зургадугаар сарын 1-нд Японы Нагоя хотод ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ.

Нагоя хотод “Solar Impulse 2” сар шахам саатсаныхаа дараа зургадугаар сарын 29-нд Хавай арлыг зорьж, долдугаар сарын 3-нд тус аралд иржээ. Дэлхийг тойрох аяллаа найм эсвэл есдүгээр сард Абу-Даби хотод дуусгахаар төлөвлөж байсан боловч нислэгийн үед нарны зайнууд нь  хэт халж байсны улмаас нислэгээ хойшлуулахаас аргагүйд хүрчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ