ДХБ-ын Сайд нарын 10 дугаар Бага хуралд оролцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-12-23 16:51:12

Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 10 дугаар Бага хурал 2015 оны 12 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Кени улсын нийслэл Найроби хотноо  боллоо.

Тус Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Төлөөлөгчид тус Бага хурлын нэгдсэн болон холбогдох салбар хуралдаануудад оролцлоо. Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ДХБ-ын Сайд нарын 10 дугаар Бага хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ерөнхий хуралдаанд оролцож, төлөөлөгчдийн тэргүүний хувьд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хэлэлцэгдэж буй хөдөө аж ахуйн асуудлаарх хэлэлцээнд хөгжиж буй орнуудын зүгээс дэвшүүлсэн санал санаачилгыг, тухайлбал хөгжиж буй орнууд хөдөө аж ахуйн салбараа хамгаалах үүднээс импортынхоо тарифыг өсгөх боломжоор хангагдах тухай асуудлыг дэмжиж буйгаа болон хөгжлийн  асуудлаарх Дохагийн үе шатны хэлэлцээг урагшлуулахын төлөө байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд чухал ач холбогдолтой худалдааг хөнгөвчлөх, мөн жижиг, эмзэг эдийн засагтай орнуудад худалдааны хөнгөлөлттэй нөхцөл олгож байх зэрэг асуудлыг дэмжиж буйгаа онцолж манай улсын байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн манай төлөөлөгчид Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хөгжиж буй орнуудын “G-33” бүлгийн Сайд нарын хуралдаанд оролцож, хөдөө аж ахуйн хэлэлцээний хүрээнд салбарын “тусгай хамгаалалтын арга хэмжээ”, хүнсний аюулгүй байдлын асуудлаарх санал санаачилга болон тус бүлгийн гишүүн орнуудаас гаргасан хамтарсан мэдэгдлийг дэмжиж үг хэлж оролцов. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эрх ашгийг хамгаалж хэлэлцээнд оролцох зорилго бүхий ДГХБО-ын бүлгийн Сайд нарын хуралдаанд оролцож, тус бүлгийн гишүүдийн хамтарсан мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Улаанбаатар дахь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжих, “ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон улсын Хэлэлцээр”-т нэгдэн орохыг уриалж үг хэлж оролцов. ДХБ-ын хүрээнд жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын эрх ашгийг хамгаалах, эдгээр орнуудаас хэлэлцээнд нэмэлт үүрэг, амлалт авахгүй байх, эсвэл хөнгөлөлттэй нөхцлөөр үүрэг амлалт авах, нэмэлт буулт хийхгүй, эсвэл харьцангуй бага хэмжээний буулт хийх нөхцөл тусгуулах зорилго бүхий жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын Сайд нарын хуралдаанд оролцов. Дээрхиэс гадна Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид ДХБ-д 1995 оноос хойш элссэн гишүүн орнуудын эрх ашгийг хамгаалах, эдгээр орнуудаас худалдааны олон талт хэлэлцээний хүрээнд ялгавартай нөхцөл эдлэх, цаашид худалдааны тариф бууруулахгүй байх байр суурь баримталдаг “ДХБ-д сүүлд нэгдэж орсон гишүүн орнуудын бүлэг”-ийн Сайд нарын хуралдаанд оролцов.

Энэ удаагийн Бага хурлаар ДХБ-ын гишүүн орнууд Жижиг, эмзэг эдийн засагтай орнуудыг дэмжихэд чиглэсэн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Цахим худалдаатай холбоотой асуудлаар хийх ажлын төлөвлөгөө болон оюуны өмчийн худалдаатай холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргахаар зөвшилцөлд хүрсэн болно. Түүнчлэн хөдөө аж ахуйн хэлэлцээний хүрээнд анхаарлын төвд байгаа зарим асуудлаар, жишээлбэл, экспортын өрсөлдөөн, хөгжиж буй орнуудын хөдөө ахуйн салбарын тусгай хамгаалалтын арга хэмжээ, хүнсний аюулгүй байдал, мөн нэн буурай хөгжилтэй орнуудын хөвөн бөс даавууны салбар, үйлчилгээний салбартай холбоотой асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан бөгөөд эдгээр нь ерөнхийдөө хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын нөхцөл байдлыг харгалзан нааштайгаар авч үзсэнээрээ чухал ач холбогдолтой боллоо.

Дэлхийн худалдааны байгууллага нь 1995 oнд байгуулагдсан байнгын ажиллагаатай Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. ДХБ нь гишүүн орнуудын зүгээс олон улсын худалдаанд дагаж мөрдвөл зохих журам, зарчим, хэм хэмжээг тогтоож, бараа, үйлчилгээний худалдаа, зах зээлийг либералчлахад чиглэсэн олон талт хэлэлцээ явуулах, гишүүн улс хоорондын худалдааны бодлогоос үүдэн гарах маргааныг зохицуулах зорилготой байгууллага билээ. Монгол Улс 1997 онд тус байгууллагын гишүүнээр элссэн болно.

Холбоотой мэдээ